Сирийн курдууд "тусгаар тогтсоноо" зарлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-03-18 13:57:54

ДАМАСК. /NHK/. Сирийн гол бүлэг болох курдууд тус улсын хойд хэсэгт өөртөө засах эрхтэй болсноо зарласан байна.

Энэ нь Ерөнхийлөгч Башар Асад болон сөрөг хүчний Засгийн газрын төлөөлөгчид оролцож буй Сирийн энхийн хэлэлцээнд нөлөөлж болзошгүй юм.

Сирийн курдын хүчний удирдагчид пүрэв гарагт тус улсын хойд хэсэгт уулзсан байна. Өндөр албан тушаалтны хэлснээр, курдын хяналтад байдаг гурван тусдаа газар нутгийг нэгтгэн ерөнхийлөгч болон парламенттай болох замаар  өөртөө засах эрхтэй болохоор шийдвэрлэжээ. 

Тэд газраар байлдах замаар Сирийн хойд хэсэгт хяналтаа өргөжүүлж байна. Курдууд “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэж, барууны улс орнууд болон ОХУ-аас дэмжлэг авч байна. НҮБ-ын зохион байгуулж буй Сирийн иргэний дайныг зогсоох энхийн хэлэлцээ нь Швейцарийн Женев хотноо ид өрнөж байна.

Асадын Засгийн газар курдуудын үйлдлийг хууль эрх зүйн ямар ч үндэсгүй хэмээн шүүмжилжээ. Дээрх алхам нь Сирийн ард түмний хүсэл зоригийг мохоож байна гэж хэлэлцээнд оролцож буй сөрөг хүчний бүлэг мэдэгджээ.

Курдуудын энэ мэдэгдэлд Турк хараахан тайлбар хийгээгүй байна.  Гэхдээ энэ бүс нутгийн курдууд тусгаар тогтнохыг тус улс эсэргүүцдэг юм. Ажиглагчдын үзэж байгаагаар, курдын хүчнийхэнд Турк илүү их цохилт өгч болзошгүй юм.

Х.Сарнай

 

相关新闻