Уран хатгамалч Г.Энхмаа "Хаан бүтээл"-ийн эзэн боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-03-06 16:42:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Богд хааны ордон музейд гарсан "Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал" үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийг шалгаруулж, шилдэг бүтээлч эзнийг тодрууллаа. Шороон нохой жилийн "Хаан бүтээл"-ийн эзнээр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, уран хатгамалч Г.Энхмаагийн "Баян Намсрай", "Тумбааш" бүтээл шалгарав. Тэрбээр эдгээр бүтээлээ уламжлалт зээгт наамал дээр зураг дүрслэл, өнгө бэлгэдлийг төгс хослуулан, шүтээний гоёл чимэглэлийг мөнгөөр урлаж, алтаар шарж бүтээжээ. Энэ нь "Хаан бүтээл" болсон гэж шүүгчид үзсэн байна.




Харин "Хатан бүтээл"-ээр хөдрөг урлаач Э.Цэцгээгийн "Монгол хөдрөг" цуврал шалгарав. Зүүмэл даавуун урлал буюу хөдрөг нь гаднаас орж ирсэн биш монголчуудын өв гэдгийг Э.Цэцгээ олон жилийн судалгаагаараа нотолжээ. Тэрээр уламжлалт өв соёлоо сэргээн хөгжүүлж, орчин цагийн хэрэглээнд нэвтрүүлж чадсанаараа "Хатан бүтээл"-ийн эзэн болжээ.


Өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд нээсэн энэ жилийн үзэсгэлэнд зээгт наамал, торгон зургийн бүтээл түлхүү ирсэн байна. Энэхүү үзэсгэлэнгийн шилдэг бүтээлүүд тодрохтой зэрэгцэн дараа жилийн үзэсгэлэнгийн товыг ч зарлав. Ирэх жил тус үзэсгэлэн Цагаан сарын өмнө гарах юм байна.

Түүх сөхөж үзвэл, монгол уран хатгамал 19 дүгээр зууны сүүл, 20 дугаар зууны эхээс урлагийн бүтээл болтлоо хөгжжээ. Богд хаан, Дондогдулам хатан уран хамтгамалчдыг дэмжиж, хөхиүлэн шагнаж байв. Богдын ордны дэргэдэх Сангай аймгийн уран хатгамалчин, барилмалчин, дархан, мужаан, гуталчин зэрэг 120 гаруй уран урлаачийн хэргийг хариуцуулан ажиллаж байсныг тэмдэглэн үлдээсэн байдаг. Эдгээр урлаач нарыг Дондогдулам хатан биечлэн удирддаг, шагналд нь 100 лан мөнгө зарцуулдаг байсан гэдэг. Тиймээс Богд хааны ордон музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд зээгт наамал, торгон зураг, уран хатгамлын олон бүтээл хадгалагдаж байна. 

相关新闻