“Хүнлэг сарнай 2019” аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-03-04 22:02:02

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Говь-Алтай аймаг дахь НАМЭХ-оос тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасгийг тохижуулах зорилгоор “Хүнлэг сарнай 2019” аяныг өрнүүлж байна.

Энэхүү аяныг гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэх бөгөөд аянд нэгдэгсэд 1000 төгрөг хандивласнаар Алтайчуудын 1000 хүслийн биелэлд хувь нэмрээ оруулах болно хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдээлэв. Түүнчлэн Нэгдсэн эмнэлгийн Хавдрын хөнгөвчлөх эмчилгээний хамт олны хүсэлтийн дагуу зохион байгуулж байна гэлээ.

Аймгийн хэмжээнд 2018 оны байдлаар 463 хүн хорт хавдрын хяналтад байгаа нь улсын хэмжээнд дөрөвдүгээрт орж байна. Энэ онд шинээр бүртгэгдсэн хорт хавдрын өвчлөл 144, нас баралт 105, хорт хавдраар нас барагсад нийт нас баралтын хоёрдугаарт жагсчээ. Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн хэмжээнд 2018 онд хөнгөвчлөх эмчилгээнд хэвтэн эмчлүүлсэн хүний тоо 119, ор хоног 841, хими эмчилгээнд 41 хүн, гэрийн эргэлтээр буюу хөнгөлөлттэй олгодог өвдөлт намдаах эмчилгээнд 288 хүн хамарсан байна. 

Энэ оны хоёрдугаар сараас хөнгөвчлөх болон хими эмчилгээний 5-6 өрөөг шинээр байгуулж, орны тоог нэмэн тусгай нэгж болгон ажиллуулах нөхцөл бололцоогоор хангаж байгаа бөгөөд одоогоор өрөөний тохижилтын асуудал хүндрэлтэй байгаа гэнэ. 


相关新闻