Хадны зураг, буган дүрслэлийг уран зургийн хэв маягаар бүтээсэн үзэсгэлэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2019-03-02 16:12:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зураач, урлаг бүтээгч, доктор /Ph.D/ П.Байгаль “Дээд үүд” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ “MN 17” арт галерейд өчигдөр нээлээ.

Энэ удаагийн үзэсгэлэн түүний тав дахь үзэсгэлэн бөгөөд 30 гаруй бүтээл дэлгэжээ. Тэрбээр өмнө нь 2005 онд “Салхин аялгуу”, 2008 онд “Сэтгэлийн цэцэрлэг”, “Өвгөдийн шүтээн” БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод,  2014 онд “Сэндэн” бие даасан перформанс арт үзүүлбэр зэрэг бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ тус тус гаргаж байв.

“Монголчууд тэнгэр шүтлэгтэй ард түмэн. Сайн сайхан бүхнийг тэнгэртэй холбож ярьдаг. Тиймээс үзэсгэлэнгээ “Дээд үүд” хэмээн нэрийдсэн" хэмээн тэрбээр тайлбарлалаа.



СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит ДДУС-ийн Дүрслэх урлаг, онол түүхийн тэнхмийн эрхлэгч, доктор /Ph.D/ П.Байгаль ярихдаа, “Өнөөгийн Монгол орны нутагт оршин амьдарч ирсэн хүмүүсийн оюун санаа, сүсэг бишрэл, ертөнцийг үзэх үзэлд бугын тухай ойлголт шинэ чулууны үеэс төлөвшин бий болсон бөгөөд хүрлийн эрин үеэс буга нь нэгэн төрлийн шүтээн амьтан болжээ.  Үүний гол баталгаа нь Монгол болон түүний хөрш зэргэлдээ зарим нутагт тархсан 1500 орчим буган хөшөө,  олон тооны хадны зураг, археологийн малтлагаас гарсан бугын дүрст эд өлгийн зүйлсээр нотлогдож байна. Монголчуудын хад чулуунаа сийлэн үлдээсэн дүрслэлүүдээс бугын дүрслэл өөрийн эрхгүй миний анхаарлыг татсан юм. Балчир бага цагаасаа буга хэмээх ид шидийн гэмээр амьтны тухай үлгэр домгийг ном зохиолоос уншин танилцаж, хадны зургийн гайхамшигт дүрслэлийг нүдээрээ харан, гараараа мэдрэх тэр агшинд эртний анчин-эгэл зураачдын сэтгэлгээний цараагаар бүтсэн чулуун зургийг өөрийн уран бүтээлдээ шингээн дүрслэх хүсэл эрмэлзлэлийг өвөрлөж билээ. Энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүддээ тал нутгийн энгэр цээжинд хадгалагдаж буй хадны зураг болон сүрлэг монументаль буган хөшөөн дэх бугын дүрслэлийг орчин үеийн дүрслэх урлагийн чимэглэлийн уран зургийн хэв маягт шингээн бүтээж өнөөгийн хүмүүс, залуус, өсвөр үеийнхэнд дээдсээс уламжлан ирсэн түүх соёлын гайхамшигт өвийг таниулах, ойлгуулах, ухааруулах, тэдгээрээр бахархах сэтгэлийг бага ч атугай төлөвшүүлэхийг  хичээлээ” хэмээв.


Үзэсгэлэнгийн талаар зураач С.Төгс-Оюун хэлэхдээ, “Түүний зургууд нэн сонирхолтой байдгийн гол онцлог нь өнөөгийн Монгол орны нутагт оршин амьдарч байсан хүмүүсийн оюун санаа, сүсэг бишрэл, ертөнцийг үзэх үзэлд бугын тухай ойлголт эрт үеэс төлөвшсөнийг орчин үеийн урлагаар дамжуулан олон талаас нь нээн үзэгч олонд хүргэж байгаа нь билээ. "Тэнгэрийн хаан титмээ гээв" гэдэг монгол оньсого байдаг нь буга эврээ хаяхыг хэлдэг учраас бөөгийн оргой буюу титэм дээр бугын эвэр дүрсэлдэг байсан зэрэг олон сонирхолтой түүх агуулсан зургуудыг үзэх боломжийг энэ үзэсгэлэн олгож байна. Хуучин түүхийн жимийг тодруулж өгсөн П.Байгальдаа талархал илэрхийлье” гэв.


Ирэх сарын 20-ныг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнгийн өдрүүдэд зориулан,  энэ сарын 4-нд “Дээд үүдийн эгшиглэн” Хуучир хөгжмийн багш Д.Бодьсүрэнгийн шавь нарын тоглолт болох бөгөөд тус тоглолтод Д.Нацагдоржийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагчид, зураач, урлаг бүтээгчид оролцох юм. Энэ сарын 5-нд ШУА-ийн Түүх Археологийн хүрээлэнгээс эрхлэн гаргасан “Монгол ба бүс нутгийн буган хөшөөний соёл” 2 боть номын нээлт болох юм.

相关新闻