Урлагийн бүтээлийн цахим худалдааны нээлт энэ сарын 6-нд болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь өнөөгийн өсөн нэмэгдэж буй цахим худалдааны эрэлтэд нийцүүлэн урлагийн бүтээлийн цахим худалдааны хуудсыг энэ сарын 6-ны өдөр нээхээр бэлтгэж байна.
Цахим худалдааны хуудас нь гэр бүлийн, найз
нөхдийн, албан хэрэгцээний, бэлэг дурсгалын болоод тусгай тэмдэглэлт үйл явдал
зэрэг бүхий л хэрэгцээг хангахуйц урлагийн болон гар урлалын бүтээл,
бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, тайзны урлагийн бүтээлийн захиалга хийж
болох нэгдсэн платформ болох юм. 2019-2020 онд МУЗ нь 5 авьяаслаг уран бүтээлчийг
онцолж зарлах юм байна. Энэ жилийн онцлох 5 уран бүтээлчийг энэ сарын 6-ны өдөр цахим хуудасны нээлтийн үеэр
зарлана. Мөн олон нийтийн дунд 2019 оны МУЗ-ийн гишүүнчлэлийн аяныг зарлан, шинээр гишүүн болсон хувь хүн болон байгууллагад МУЗ-аас зохион байгуулах урлагийн үйл ажиллагаанд уригдан оролцох боломжийг олгох юм байна.
Монголын анхны галерейн нэг болох “Улаан гэр”
галерейг 2003 онд байгуулж, дүрслэх урлагийн салбарын шилдэг бүтээлийг олон
нийтэд хүргэх, шинэ залуу авьяаслаг уран бүтээлчдийг дэмжих, урлаг сонирхогч
цуглуулагчидтай уран бүтээлчдийг холбох ажлыг тогтвортой явуулж ирсэн аж. Үүнээс хойш дүрслэх
урлагаас гадна хөгжим, бүжиг, утга зохиол, кино урлагийн салбарын уран
бүтээлчдийг дэмжиж ажиллах "Улаан гэрийн бүтээлч орон зай"-г ч бий болгосон байна.