"АСЕМ"-д зориулж Улаанбаатар хотын 13 гудамжийг тохижуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-03-17 13:35:24

“АСЕМ-ийн мэдээллийн цаг”-аар өнөөдөр Ази, Европын дээд түвшний /АСЕМ/ 11 дэх уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотод хийх автозам, гудамж талбайн шинэчлэл, засвар, тохижилтын ажлуудын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны орлогч дарга Б.Баясгалан нар мэдээлэл хийлээ.

АСЕМ-ийн бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотын төвийн 13 гудамжийг онцгой анхаарч, тохижуулахаар ерөнхий төлөвлөгөө гаргажээ. Тухайлбал Энхтайваны өргөн Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Намяньжугийн гудамж, Наадамчдын зам, Нийслэл хүрээ өргөн чөлөө Чингисийн өргөн чөлөө, Зайсангийн гудамж, Гэндэнгийн гудамж, Жамъян гүний гудамж, Их Монгол улсын гудамж, Олимпийн гудамж үүнд хамаарч байгаа аж. Гудамж, талбайн тохижилт, засвар үйлчилгээний ажил энэ сарын 14-нөөс эхэлсэн бөгөөд дээрх гудамжинд барьж буй барилгын хашаа, хог хаягдлыг цэвэрлүүлэх үүрэг өгөөд байгаа юм байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар дээрх ажлуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хяналт тавих 22 Ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгүүдэд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар, Хөрөнгө оруулалтын газар, МХГ, Байгаль орчин ногоон хөгжлийн газар зэрэг байгууллагын нийт 140 гаруй мэргэжилтэн ажиллаж байгаа аж. Мөн тохижилтын ажилд хөндлөнгийн хяналт тавихаар Монголын оюутны холбоо, Залуучуудын холбоотой хамтарч ажиллахаар төлөвлөжээ.

Авто замын засвар, шинэчлэлтийн хувьд Гандийн гудамжны 1.6 км, Баянмонгол хорооллын 1.1 км, Их монгол улсын гудамжны 2.1 км, Зайсангийн гудамжнаас Жапан таун хүртэлх 0.75 км авто зам, Энхтайваны гүүрний зүүн талын туслах авто замаас Сөүл ресторан хүүхдийн паркын дундуур Олимпийн гудамж, Гэндэнгийн гудамж хүртэлх 0.98 км, Яармагийн гүүрнээс Чингэс хаан ОУНБуудал хүртэлх авто замын гэрэлтүүлэгчийг солих болон Богд уулын арын 17.5 км авто замуудад өргөтгөл, шинэчлэл хийхээр төлөвлөжээ.Тухайлбал “Homeplaza”-гийн уулзвараас урагшаа Богд уулын хойд талын замтай холбогдох замын зорчих хэсгийг дөрвөн эгнээ болгох, Зайсан дахь “Оргил” худалдааны төвөөс Оргил рашаан сувилал хүртэлх, Баянмонгол хорооллын замын хашлагыг солих, шинээр хучих юм байна.

Эдгээрээс Их Монгол улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг 100 хувь нийслэлийн төсвөөс, Яармагийн гүүрнээс Чингис хаан ОУНБуудал хүртэлх авто замын гэрэлтүүлгийг солих болон Богд уулын арын 17.1 км авто замын гэрэлтүүлгийг шинээр тавих ажилд шаардагдах хөрөнгөнөөс 1.7 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс,  бусад  ажлыг Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр тус тус санхүүжүүлэх аж. Нийт зам засварын ажилд улсын төсвөөс 8.5 тэрбум, нийслэлийн төсвөөс 6.9 тэрбум төгрөг зарцуулах юм байна.

Зам засварын ажлыг энэ сарын 25-нд нэгэн зэрэг эхлүүлж, зургадугаар сарын 30-н гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Цаг хугацаа давчуу учир зам тус бүрт хоёр гүйцэтгэгч сонгон шуурхай ажиллуулах бөгөөд засварын үеэр зам хаах зэргээр иргэдэд хүндрэл учруулахгүй байхыг үүрэгдэх аж.  

АСЕМ-ийн бэлтгэл ажлын хүрээнд хийх энэ бүх тохижилт засварын ажил Улаанбаатар хотод өнгө нэмж үлдэнэ гэдгийг хотын Ерөнхий менежер мэдээллийн төгсгөлд онцолсон юм.  

Н.Гантуяа 

Гэрэл зургийг Б.Чадраабал 

相关新闻