М.Саакашвилиг огцруулах 30000 гаруй гарын үсэг цуглуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРОДЕСС. /TASS/. Гуравдугаар сарын 3-наас хойш Украины Одесс мужийн захирагч Михаил Саакашвилиг огцруулахаар 30000 гаруй хүний гарын үсэг цуглуулсан хэмээн Униан агентлаг пүрэв гарагт мэдээлэв.
Гүржийн Ерөнхийлөгч асан, 2015 оны зургадугаар сараас Одесс мужийн захирагчаар ажиллаж байгаа М.Саакашвилиг ард иргэдийнхээ амьдралыг сайжруулах юу ч хийгээгүй хэмээн огцруулах ажиллагааг санаачлагч, Пётр Порошенкогийн намаас нэр дэвшин сонгогдсон парламентын гишүүн Дмитрий Голубов үзэж байгаа юм.
“Одесс-Рени хурдны замд тэрбээр ганц ч метрийг тавиагүй, мөн гаалийн төлөвлөгөөг нурааж байгаагийн сацуу зөвлөхүүд нь авилгад автаж, бизнес эрхлэгчдийн мөнгийг угаадаг” гэж Голубов хэлээд, “Саакашвили бол луйвар болон авилгаар зартай хүн” гэв.
Ерөнхийлөгчийн тамгын газрын эх сурвалжаас иш татан хэвлэлд мэдээлснээр, Саакашвилиг огцруулах зарлигт Ерөнхийлөгч гарын үсэг зуржээ. Гэхдээ энэ зарлигт огноо тавиагүй аж. Тус газар Одесс мужийн шинэ захирагчид нэр дэвшигчийг хараахан сонгоогүй байна.
“Тэд бодит байдалд тулгуурласангүй” гэж Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Святослав Цеголко хэлж байснаа няцаасан байна.
Х.Сарнай