"Чулуун соёлын өв" хөтөлбөр олны талархал хүлээж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. "Чулуун соёлын өв" хөтөлбөрийг Засгийн газар, БСШУСЯ баталсныг соёлын өв судлаач эрдэмтэн, соёлын өв хамгаалагч иргэдийн талархлыг хүлээж байна.
Уулын хадны сүг зургууд судлаач, орчуулагч МУСГЗ Г.Аким, Дундговийн Дэл уулын чулуун өв соёлыг хамгаалагч, судлаач Б.Батмөнх, чулуун соёлын өвийг судлан баримтат кино бүтээж, үзэсгэлэн гаргасан найруулагч, судлаач Б.Баяр, эрдэнэсийн болон үнэт чулуу цуглуулагч, судлаач МУСГЗ Г.Гонгоржав нар ийнхүү талархаж, "Монгол Улс бол чулуун соёлын өвөөрөө дэлхийд тэргүүлэгч орон" гэж ярив.
Одоогийн байдлаар Монгол орны хэмжээнд Буган чулуу 1500, хүн чулуу 750, хадны дурсгалт зураг 600, чулуун хөшөө дурсгал 2300, бусад төрлийн өв 50 орчим байгааг бүртгэлээр тогтоожээ. "Чулуун соёлын өв" хөтөлбөр 2019-2024 он хүртэл үргэлжилнэ.
"Чулуун соёлын өв" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр орон нутгийн иргэд оршин суугаа газрынхаа чулуун өв соёлыг хамгаалбал урамшуулж байхаар болсон нь сайшаалтай. Ийм заалт, урамшуулал урьд нь байгаагүйгээс орон нутагт дурсгалт чулууг сүйтгэх, гүүр, хашаа барихдаа ашиглах зэргээр хайхрамжгүй хандаж байв. Наад зах нь, Архангайн Хашаатын Ширээт уулын хүн чулууг үзэх гээд очиход их бие нь алга болсон байсан. Одоо болтол олдоогүй дуулдсан. Тэгэхээр энэ мэт явдал энэ хөтөлбөрийн хүрээнд арилж, чулуун соёлын өв эзэнтэй боллоо" гэж Г.Аким ярилаа.
Мөн Соёлын өвийн дарга Ш.Энхбат "Чулуун соёлын өв" хөтөлбөр маш зөв алхам боллоо. Чулуун соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах, хадгалах, хяналт тавихад ч хэрэгтэй заалтууд олон орсон. Юуны өмнө чулуун өвөө дахин бүртгэлжүүлэх, судалгаа явуулах, хадгалах, сэргээн засварлах, зохистой ашиглахад ч хэрэгтэй. Ингэснээр бидний хөөцөлдөөд байгаа "Чулуун дурсгалууд"-ыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлэх асуудалд их нааштай хэрэг болж байна гэлээ.