Йеменд 41 хүн агаарын цохилтод өртөж, амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСАНА. /ВВС/. Саудын Араб тэргүүтэй эвслийн нисэх онгоцууд Йемений хойд нутагт агаараас цохилт өгсний улмаас наад зах нь 41 энгийн иргэн амиа алдаж, 35 хүн шархадсан гэж эмнэлгийн ажилтнууд мэдэгдэв.
Хамгийн сүүлийн хоёр пуужин Хажа мужийн Мустаба дүүргийн хөл хөдөлгөөн ихтэй захад туссан гэж гэрчүүд мэдээлжээ.
Цохилтын дараах байдлыг харуулсан дүрс бичлэгт хэд хэдэн хүүхдийн цогцсыг харуулсан байна.
Хажа муж хусит босогчдын хяналтад байдаг ажээ. Саудын Араб тэргүүтэй эвсэл нь Йемений Засгийн газрын нэрийн өмнөөс хусит босогчидтой тэмцдэг билээ.
Хусит босогчдыг дарах зорилгоор Саудын Араб тэргүүтэй эвсэл 2015 оны гуравдугаар сарын сүүлээр Йеменд агаарын цохилт өгөх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд тухайн үеэс хойш Йеменд 6200 хүн амиа алдсаны тал хувь нь энгийн иргэд байсан гэж НҮБ мэдээлэв.
Д.Нямтулга