Япон эмэгтэйд цэргийн нисдэг тэрэгний нисгэгч болохыг зөвшөөрнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-16 11:10:09

ТОКИО. /TASS/. Японы эмэгтэйчүүдэд тус улсын Өөрийгөө хамгаалах хүчний нисдэг тэргүүдийг жолоодохыг, мөн пуужинт болон мина илрүүлэн устгагч хөлөг онгоцуудад алба хаахыг зөвшөөрнө. Үүнтэй холбогдох шийдвэрийг Японы Батлан хамгаалах яам гаргажээ.

Япон эмэгтэйчүүд сургалтад хамрагдсаныхаа дараа 2-3 сарын дараа эдгээр зөвшөөрлийг авах боломжтой. Үүний сацуу, тус улсын Өөрийгөө хамгаалах хүчний анги нэгтгэл бүр эмэгтэйчүүдийг алба хаалгах эсэх тухай шийдвэрийг бие даан гаргах аж. Япон эмэгтэйчүүдэд шумбагч хөлөг онгоцонд алба хаах урьдын адил хориотой.

Японд эмэгтэйчүүд Өөрийгөө батлан хамгаалах хүчний туслах анги нэгтгэлүүдэд болон эмнэлгийн ажилтнуудын хувиар алба хаадаг байна. Тэдний зарим нь нисгэгчийн үнэмлэхтэй байдаг бөгөөд тээврийн болон эргүүлийн нисэх онгоц жолоодохыг зөвшөөрдөг аж. Өнгөрсөн онд тус улсын Батлан хамгаалах яам “F-15” болон “F-4” сөнөөгч онгоцны нисгэгчийн хувиар эмэгтэйчүүдэд алба хаахыг зөвшөөрчээ. Үүнээс гадна, энэ оны хоёрдугаар сард Японы түүхэнд эмэгтэй хүн анх удаа эскадрын мина тээгч хөлөг онгоцны командлагч болжээ.

Одоогийн байдлаар Японд 13 мянга орчим эмэгтэй цэргийн алба хаагч байна. 2030 он гэхэд тэдний тоог 20 мянгад хүргэхээр төлөвлөжээ.

Өнгөрсөн онд тус улсын парламент ажил эрхлэгч эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хууль баталсан байна. Хүн амынх нь тоо түргэн хурдацтай цөөрч байгаатай холбоотойгоор ийм арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай гэж Японы эрх баригчид үзжээ.

Д.Жаргал

 

 

相关新闻