Сирийн сөрөг хүчин санал бодлоо тусгасан баримт бичгээ НҮБ-д өргөн барилаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНҮБ. /NHK/. Сирийн сөрөг хүчнийхэн удирдах шинэ байгууллагын тухай санал бодлоо тусгасан баримт бичгийг НҮБ-ын Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стаффан де Мистурад өргөн барилаа.
Сөрөг хүчний төлөөлөгчид өчигдөр буюу энхийн хэлэлцээний хоёр дахь өдөр Женев хотноо Стаффан де Мистуратай уулзсан байна.
Хоёрдугаар сарын 27-ноос хэрэгжиж эхэлсэн гал зогсоох дэглэм болон Засгийн газрын хүчний бүслэлтэд байгаа хотуудын хүмүүнлэгийн байдлыг хэлэлцсэн гэж Сирийн сөрөг хүчний гол бүлэг болох Хэлэлцээний дээд хорооны төлөөлөгч Жорж Сабра уулзалтын дараа мэдэгдэв.
Харин Сирийн Засгийн газрын хүчин улс төрийн шийдлийг тусгасан баримт бичгийг НҮБ-д мөн өргөн барьсан байна.
Уг хоёр саналыг харьцуулж, дундаас нь нийтлэг нэг үндэслэл гаргана гэж Стаффан де Мистура мэдэгджээ. Тэрбээр Сирийн Засгийн газрын төлөөлөгчидтэй өнөөдөр уулзахаар товложээ.
Гэвч Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын ирээдүйтэй холбоотой асуудалд Засгийн газар болон сөрөг хүчин санал зөрөлдөөнтэй хэвээр байна.
Агаарын цэргийн гол хүчнээ Сириэс буцаан татаж эхэлсэн хэдий ч, тус улс дахь террористуудын байрлалд агаараас цохилт өгсөөр байх болно гэж ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Николай Панков мэдэгджээ.
ОХУ-ын агаарын хүчний зарим нэгжийг Сириэс буцаан татах ажиллагааны үеэр тэрбээр мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр мэдэгдэлдээ, терроризмыг ялсан гэж хэлэхэд арай эрт байгаа бөгөөд ОХУ террористуудын байрлалд үргэлжлүүлэн агаараас цохилт өгнө гэж дурджээ.
Д.Нямтулга