Дуурийн зууны манлай дуучин Х.Уртнасан тэнгэрийн оронд заларлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-02-02 13:12:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн шагналт,  Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Хорлоогийн Уртнасан таалал төгсөж, тэнгэрийн оронд заларлаа

 Нэрт дуучин Х.Уртнасан нь 1945 оны гуравдугаар сарын 03-нд Улаанбаатар хотод төржээ. 1959-1963 онд УДБЭТ-ын дэргэдэх гоцлол дуучны ангийг төгсөж, 1970-1972 онд Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургуульд суралцсан. 1963 онд УДБЭТ-т зарлагч, 1964 онд дуучин, 1968-1970 онд ЦДБЭЧ-д дуучин, 1972-1995 онд УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллажээ. 1973 онд Берлин хотноо болсон Дэлхийн залуучууд, оюутны 10-р их наадамд тэргүүн байр эзэлж, Москва хотын Их театр, Кремлийн их хурлын ордон, Кишинев, Ташкент, Душанбе, Алма-Ата хотын дуурийн театр, Болгарын Софи хотын “Ардын театр”, Пелевен, Варна, Стара Загора хотын дуурь, бүжгийн театруудад уригдан тоглож байв.

Х.Уртнасан агсан 1994 оноос СУИС, Хөгжим, бүжгийн коллежийн дуулаачийн тэнхимд дуулах ур зүйн багшаар ажиллаж байлаа. 

Тэрээр дэлхийн сонгодог дууриудын тунгалаг хоолойт дуучдад зориулсан дүрүүдэд тоглож, өөрийн орны хөгжмийн зохиолчдын нийтийн дууны урлаг болон мэргэжлийн дууны бие даасан төрөл зүйлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

 Тэрбээр, Дж.Пуччинийн “Чио чио сан” дуурийн Чио Чио сан (1983 он), Б.Дамдинсүрэнгийн “Амарсанаа” дуурийн Гэрэлгуа (1970 он), А.Бородины “Игорь ван” дуурийн Ярославна (1972 он), Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн  Нансалмаа (1976 он), Дж.Вердийн “Травиата”-гийн Виолетта (1977 он), П.И.Чайковскийн “Евгений Онегин”-ы Татьяна (1980 он), Дж.Пуччинийн “Тоска" дуурийн Тоска (1981 он), А.Даргомыжскийн “Лусын дагина” дуурийн  Наташа (1982 он), П.И.Чайковскийн “Иоланта” дуурийн Иоланта (1984 он), Дж.Вердийн “Отелло” дуурийн  Дездемона (1989 он), Дж.Пуччинийн “Турандот” дуурийн Турандо (1990 он) зэрэг 20 гаруй дуурийн гол дүрийг бүтээсэн, аргагүй л зууны манлай дуучин байлаа.

相关新闻