“Банкны хөгжил -95 жил” аян Говь-Алтай аймагт нээлтээ хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/ Монгол Улсад банкны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Монголбанкнаас санаачлан “Банкны хөгжил-95 жил” аяныг зургаан сарын хугацаанд хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд хоёрдугаар сарын нэгний өдөр Говь-Алтай аймагт аяны нээлт боллоо.
Говь-Алтай аймаг дахь Монголбанкны салбараас тус аймгийн банкны салбарын нийт ажилтан, ажиллагсдын дунд зохион байгуулсан нээлтийн ёслолын үеэр аяны зорилгыг танилцуулж, “Банкны хөгжил-95” түүхийг харуулсан богино хэмжээний видео үзүүлж, аяныг ажиллагааг удирдан зохион байгуулах ажлын хэсгээс боловсруулсан төлөвлөгөө, хамтран хэрэгжүүлэх ажил, санаачилгуудыг танилцуулсан юм.
Энэхүү аяны хүрээнд арилжааны банкны салбаруудтай хамтран “Говь-Алтай аймаг дахь банкны салбарын түүхэн замнал” гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, түүхэн хөгжил, онцлог үйл явдлыг олон нийтэд сурталчлах тусгай сонины булан ажиллуулах, аймгийн Орон нутгийг судлах музейтэй хамтран мөнгөн тэмдэгтийн үүсэл хөгжлийг харуулсан үзмэрийг иргэд, олон нийт, сургуулийн сурагчдад харуулах зэрэг өргөн цар хүрээтэй ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.
Аяны эхлэл болгон гэрэл зургийн үзэсгэлэнг нээлтийн үеэр банкны салбарын нийт ажилтнуудад дэлгэн танилцуулж, цаашид түүхэн ач холбогдолтой зураг, үзмэрээр баяжуулан хамтран ажиллахыг оролцогчдод уриалав.
Тус аян нь Монгол Улсын банкны салбарын үүсэл хөгжил, өөрчлөгдөн хөгжиж ирсэн түүхэн замнал, Төв банкны чиг үүрэг, үйл ажиллагаа болон арилжааны банкуудын бүтээгдэхүүн үйлчилгээ, хүртээмж, ач холбогдлын талаар олон нийт, санхүүгийн хэрэглэгчдэд таниулах, сурталчлах, мэдээллээр хангах зорилгоор өрнөж буй юм.