Орон сууцанд орж ирсэн шар шувууг байгальд нь буцаан тавив
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 310005 тоот утсанд
нэгдүгээр сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны 25 дугаар байрны
орцонд шар шувуу байна хэмээн иргэн мэдээлжээ. Байгалийн зэрлэг амьтан суурьшлын бүсэд ийнхүү орж ирэх нь нэн ховор байдаг аж.
Дуудлагын дагуу очсон, нийслэлийн Байгаль орчны газрынхан шувууг барьж, үзлэг хийхэд ямар
нэгэн өвчин эмгэггүй, анзаарагдах гэмтэл бэртэлгүй байсан тул байгальд нь
эргүүлэн тавьсан байна.
Мэдээлэл өгсөн тус дүүргийн 15 дугаар хорооны иргэн А.Одмаад талархал илэрхийлж, байгалийн зэрлэг амьтдыг суурьшлын бүсэд орж ирвэл нийслэлийн Байгаль орчны газрын 11 323780 тоот утас болон нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн утсанд мэдэгдэж байхыг иргэдэд уриаллаа.
Шар шувуу нь Монголд түгээмэл тархсан,
ихэнх нь ганцаар амьдардаг, шөнийн идэвхтэй жигүүртний нэг юм. Жижиг мэрэгч, хөхтөн, загасаар хүртэл хооллодог, нүд нь
ухархайтайгаа наалдан бэхлэгдсэн байдаг тул нүдний аягаа хөдөлгөж чаддаггүй,
толгойгоо 180-270 градус хүртэл хөдөлгөж эргэн тойрноо хардаг, холын
хараа сайтай ч ойр орчмоо тод ялгаж чаддаггүй, өчүүхэн төдий гэрэлд ч маш
мэдрэмтгий шувуу юм. Хамгийн жижиг төрөл нь 31гр жинтэй, 13.5см байх бол томдоо
60-71см, 2м хүртэл далавчтай, 4.5кг хүртэл жинтэй байдаг байна.
Шар шувууны өндөг нь голдуу цагаан өнгөтэй, бөөрөнхий хэлбэртэй, төрлөөсөө
шалтгаалан жил бүр 2-12 ширхэг хүртэл өндөг гаргадаг аж.