Өсвөрийн триатлончид Азийн цомын АШТ-ээс 4 хүрэл медальтай ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын триатлоны спортын “Ironman” клубын баг тамирчид Малайз, Тайланд улсад сар гаруй хамтарсан бэлтгэл болон уралдаан тэмцээнд амжилттай оролцоод өнөөдөр /2019.01.31/ эх орондоо ирж байна.
Багийн бүрэлдэхүүнд 11 тамирчин, хоёр дасгалжуулагч багтсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 22-нд эх орноосоо морджээ. Тэд Малайз улсын триатлоны “М3Х” клубтэй хамтарсан бэлтгэл хийж байгаад 2019 оны нэгдүгээр сарын 12-ноос Тайланд улсын триатлоны холбооны тамирчидтай бэлтгэл сургуулилтаа базаажээ.
Мөн 2019 оны нэгдүгээр сарын 22-24-нд тамирчин
Г.Амарсанаа, П.Ханмөнх, Г.Наранцацралт, А.Хэнтий нар Тайланд, Сири, Сингапур
улсын тамирчидтай хамт олон улсын триатлоны холбооны хамтарсан бэлтгэлд
оролцсон байна.
Ийнхүү “Ironman”
клубын 11-16 насны өсвөр үеийн триатлончид хилийн чанадад бэлтгэл сургуулилт
хийж, 2019 оны нэгдүгээр сарын 25, 27-нд триатлоны Азийн цомын аварга
шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож 4 хүрэл медалийг хүртжээ. Тус тэмцээний нэгдүгээр
сарын 25-нд өсвөрийн элит /Junior elite man/ ангилалд өрсөлдсөн Г.Амарсанаа, 27-ны
гараанд 16-аас дээш насны эрэгтэйчүүдийн ангилалд Г.Амарсанаа, 13-15 насны
охидын ангилалд Б.Биндэрьяа, 10-13 насны хөвгүүдийн ангилалд Э.Сайханбилэг нар
тус бүр гуравдугаар байрт шалгарчээ.
Тамирчдыг Олон улсын триатлоны холбооны зэрэгтэй, “Ironman”
клубын үүсгэн байгуулагч-багш, дасгалжуулагч Э.Уянга, М.Цэнгүүн нар удирдаж энэ
хамтарсан бэлтгэл, Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон байна.