Цэцэрлэгүүд "Бид хүүхэлдэйчид" уралдаанд өрсөлдлөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бид хүүхэлдэйчид” уралдаанд нийслэлийн 9 дүүргээс шалгарсан цэцэрлэгүүдийн 25 бүтээл өрсөлдлөө. Энэхүү уралдаан Улсын хүүхэлдэйн театрын тайзанд энэ сарын 28, 29-ны өдрүүдэд болсон юм.
Улсын хүүхэлдэйн театр, Нийслэлийн Гэр бүл, хөгжлийн газар хамтран зохион байгуулж буй энэ төсөл нь, “Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүүхдийн хүмүүжил төлөвшилд эергээр нөлөөлж, хүүхдийн оюун ухаан бүтээлч чадварыг хөгжүүлэх, урлаг, гоо зүйн боловсрол олгох, үлгэр домгийг түгээн дэлгэрүүлж ардын өв уламжлал, ёс заншлыг танин мэдүүлэх зорилготой" юм.
Уралдааны тэргүүн байранд Сонгинохайрхан дүүргийн 110 дугаар цэцэрлэг “Болдоггүй бор өвгөн” хүүхэлдэйн жүжгээр, удаах байранд Хан-Уул дүүргийн 118 дугаар цэцэрлэг “Могжоохон даагатай жогжоохон хүү” жүжгээр, гуравдугаар байранд Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэг “Хос тогоруу” жүжгээр шалгарлаа. Мөн шилдэг эмэгтэй, шилдэг эрэгтэй, шилдэг 3 багшийг тус тус шалгаруулж өргөмжлөл мөнгөн шагналаар урамшуулан, шагналт байранд шалгарсан жүжгүүдийг телевизийн бүтээл болгон олон нийтэд сурталчлан таниулахаар болсон байна.
Дүүргүүдээс шилдгээр шалгарсан дээрх 25 бүтээлийг Улсын хүүхэлдэйн театр урын сандаа бүртгэн авчээ.