Чингис хаан ба түүний угсаа залгамжлагч нарын үзэсгэлэнг АНУ-д нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-01-29 13:52:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын эзэнт гүрэн, Их эзэн богд Чингис хаан болон түүний угсаа залгамжлагч нарын түүхээс харуулсан “Чингис хаан” үзэсгэлэн АНУ-ын Мобыль хотод гарлаа. Үзэсгэлэнг энэ сарын 25-нд Алабама муж дахь “Голф Коаст Эксплориум шинжлэх ухааны төв”-д нээсэн байна.

Ёслолд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр, Мобыль хотын дарга Санди Стимпсон нарын зэрэг нийт 100-аад зочин оролцож, Монгол ардын урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо. Тус үзэсгэлэн нь Монголын хаадын түүхээс гадна монголчуудын зан заншил, соёл ахуй, түүх уламжлалыг таниулах, хоёр улсын иргэд хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн  Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр хэлжээ. Үзэсгэлэнг энэ оны 4 дүгээр сарыг дуустал дэлгэх юм.

相关新闻