Хөвсгөл аймаг төсвийн ил тод байдлын үзүүлэлтээр улсад тэргүүлсэн амжилтаа бататгав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт эдийн засгийн өсөлт бий болж татвар төлөгчдийн тоо өссөнөөр 2015 оныхоос аймгаас улсын төсөвт төвлөрүүлэх орлого 46,8, орон нутгийн төсвийн орлого 39 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Бүх шатанд төсвийн сахилга хариуцлагыг чангатгаж, төсвийн төлөвлөлт гүйцэтгэлд ил тод хариуцлагатай байх зарчмыг хэрэгжүүлэн ажилснаар нийт төсвийн байгууллагууд төсвийн хэтрэлтгүй, өр авлагагүй ажиллаж төсвийн ил тод байдлын үзүүлэлтээр улсад тэргүүлдэг амжилтаа бататган ажиллаж байна. Мөн тендер шалгаруулалтыг 100 хувь цахимжуулж, худалдан авах ажиллагаанд ил тод нээлттэй, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай байх зарчмуудыг хэрэгжүүлсэн амжилтаараа 21 аймаг, нийслэлийг 3 дахь жилдээ манлайлсан байна. Орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжүүд 2015 оны жилийн эцсийн байдлаар -952 ,5 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байсныг өмчийн удирдлагыг боловсронгуй болгосноор 2017 онд 853,4 сая төгрөгийн ашигтай ажиллаж, орон нутгийн төсөвт 636,7 сая төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлжээ. Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн жилээс жилд өсч 2017 оны жилийн эцсээр 499.3 тэрбум төгрөгт хүрч улсын хэмжээнд тэргүүлэгч аймгаа хадгалсаар явж байна. Тус аймгийн аж үйлдвэрийн газрууд 2018 оны байдлаар 28.2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 26.1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 48.6 хувиар, бүтээгдэхүүний борлуулалт 54.4 хувиар тус тус өсчээ.