Аваргуудад шагнал гардуулахдаа бэлэг авахыг хоригложээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн аварга малчин, саальчин, тариаланч, хадланчийн шагнал гардуулах үйл ажиллагааг сумдад зохион байгуулахдаа малчдаас бэлэг дурсгал, үнэ бүхий эд зүйлийг бэлгэнд авахыг бүх шатны төрийн албан хаагчдад хориглох захирамжийг өнөөдөр тус аймгийн Засаг дарга С.Гансэлэм гаргалаа.
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Алтайбаатар нарт үүрэг болгожээ.
Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай энэхүү захирамжийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дэх хэсэг, Засгийн газрын "Аймаг, нийслэлээс олгох шагналын тухай" 1997 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 54 дүгээр тогтоол мөн "Төрийн албаны сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай" 2018 оны наймдугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоолыг тус тус үндэслэн захирамжилсан байна.