H1N1 вирусээр нэг хүн нас барлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт H1 N1 вирусээр нэг хүн нас барсан нь шинжилгээгээр тогтоогдлоо. Тус аймгийн БОЭТ-өөс 50 настэй эрэгтэй уушигны хатгалгааны хүндэрлээр нас барсан талаар мэдээлж байсан билээ. Улаанбаатар хот руу явуулсан шинжилгээний хариугаар тухайн өвчтөн H1 N1 вирусээр өвчилсөн байжээ.
Одоогийн байдлаар мөн уушигны хатгаа оноштойгоор 52 настай нэг эрэгтэйн бие хүнд байгаа аж. Өвчтөний шинжилгээг хот руу явуулаад байгаа гэнэ.
Мөн томуу, томуу төст өвчнөөр өвдсөн 18 сорьцыг ХӨСҮТ-д шинжилгээнд явуулснаас 10 хүний сорьц шинжилгээгээр томуугийн H1N1 вирус илэрчээ. Өмнөговь аймагт томуугийн өвчлөл газар авч хүүхдийн тасагт хэвтэн томуу, томуу төст өвчнөөр эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 2 нь маш хүнд, 7 нь хүнд байгаа юм. Томуугийн өвчлөл даамжирч хатгалгаа, менингит, H1N1 вирусын халдвар авч байна гэж мэргэжлийн эмч нар хэлж байна.
Тиймээс аймгийн хэмжээнд олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг Онцгой комиссын хурлаас гаргалаа. Уг хурлаар эмнэлгийн байгууллагад хэрэгцээтэй эм, тариа, багаж тоног төхөөрөмж, хүний нөөц, эмнэлгийн ажилчдын илүү цагийн ажлын хөлс мөнгийг аймгийн Засаг даргын нөөцөөс шийдвэрлэхээр боллоо.