Гурван түмэн тэмээний баяр боллоо

ФОТО МЭДЭЭ
mishigsuren@montsame.mn
2019-01-17 14:36:46

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд сум өчигдөр гурван түмэн тэмээний баяр хийлээ.

Монгол Улс дэлхийн хэмжээнд хоёр бөхт тэмээгээрээ тэргүүлдэг бол Монголдоо Өмнөговь аймаг тэргүүлдэг. 2018 оны жилийн эцэст 152281 тэмээ тоолуулснаас Ханбогд сум хамгийн олон тэмээ буюу 30431 толгой тэмээн сүрэг тоолуулсан төдийгүй улсын хэмжээнд хамгийн олон тэмээтэй сум юм.  Тус сумынхан галбын улаан үүлдрийн тэмээгээ гурван түмд хүргэсэн баяраа тэмдэглэж тэмээний уралдаан, цагаан идээний үзэсгэлэн худалдаа болж, тэмээчид дуулж өрсөлдлөө. Энэ үеэр тэмээтэй холбоотой ардын уламжлалт зан заншлыг таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор тэмээн Галбын говиор жингийн цуваа жингийн алхан сумынхаа төвд орж ирсэн нь ихээхэн сонирхолтой, баярт оролцогчдын сэтгэлийг огшоосон явдал боллоо. Мөн "Тэмээчид дуулж байна" дууны тэмцээнийг анх удаа зохион байгуулж өөрсдийн адгуулан маллаж байгаа тэмээгээ дуугаараа уяраадаг тэмээчид авъяас билгээрээ өрсөлдөж "Үлэмжийн чанар" нэртэй соёлын төвөө мялаасан юм.

Газар газрын аялагчид, зочдоор хүрээгээ тэлсэн гурван түмэн тэмээний баяраар хоёр бөхт тэмээн сүргээ өсгөн үржүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан малчид иргэдийг шагнаж өргөмжиллөө. Тухайлбал: Монгол Улсын Засгийн Газрын шагнал Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан цол тэмдгээр Ханбогд сумын уугуул Т.Бум-Аюуш, Өмнөговь аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр Ханбогд сумын уугуул Н.Энхзул, Б.Оюунчимэг нар, аймгийн Засаг даргын "Жуух бичиг"-ээр А.Насантогтох, М.Хоньхүү, Ш.Буянжаргал, С.Олдох нар шагнуулж хөдөлмөр бүтээлээ үнэлүүллээ.

Уг баярыг Монгол Улсын гавъяат малчин, тэмээчин Д.Хүүхний нэрэмжит болгон зохион байгуулсан нь онцлог байлаа. Д.Хүүхэн нь Монгол Улсын гавьяат малчин цол хүртсэн анхны тэмээчин хүн юм.