Обама нэр дэвшигчдэд анхааруулав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /BBC/. Дональд Трампын кампанит ажлын үеэр эмх замбараагүй байдал үүсч, тэрбээр кампанит ажлаа цуцалсан билээ. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэл хийж, хурцадмал байдлаа үүсгэхээс зайлхийх хэрэгтэй гэж ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдөд анхааруулсан байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид АНУ-ын иргэдийг доромжилж, тэдний эсрэг хүчирхийлэл үйлдэх ёсгүй гэж Обама мэдэгджээ.
Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийг тэргүүлж буй Дональд Трампын дэмжигч болон эсэргүүцэгч хооронд мөргөлдөөн гарсны улмаас тэрбээр Чикаго хот дахь кампанит ажлаа цуцалсан байна. Харин түүний өрсөлдөгчид, Трамп хий хоосон, дэвэргэсэн үг ашиглаж байна гэж түүнийг буруушаажээ.
Арьс өнгө болон шашин шүтлэгээр иргэдийг ялгаварлах ёсгүй бөгөөд иргэд хоорондын гоочлох болон доромжлох асуудлыг арилгахад нэр дэвшигчид анхаарлаа хандуулах ёстой гэж Обама мөн мэдэгдсэн байна.
Д.Нямтулга