Цусны банкинд санхүүгийн тодорхой дэмжлэг үзүүлэхээр боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭЭнэ сарын 9-ний өдөр хуралдсан Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар аймгийн Цус цусан бүтээгдэхүүний аюулгүй, бэлэн байдлын тухай асуудлыг хэлэлцлээ.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Цусны банкны тэргүүн их эмч н.Батсүрэн тус хурал дээр мэдээлэл хийлээ. Түүний мэдээлэлд дурьдаснаар аймгийн хэмжээнд үндсэндээ хүн амынхоо тоонд харьцуулбал 3000 донор байх ёстой. Гэтэл өнөөдөр Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 695 донор байгаа гэнэ. Эдгээр донорын 240 нь хүндэт донор аж. Хэдийгээр донорууд сайн дурын үндсэн дээр цусаа хандивлах үүрэгтэй ч онцгой шаардлагатай үед бараг тулган шаардах буюу хүч түрэн цусыг нь авах явдал гардаг хэмээн тэрээр хэллээ. Тухайлбал гэнэтийн осол аваарт өртсөн хүн цус ихээр алдаж ирдэг, иймээс тухайн донорыг дуудах тохиолдол гардаг байна. Иймээс бэлэн донор л тухайн хүний алтан амийг аварч чадах бүрэн найдварыг төрүүлдэг ажээ. Аймгийн цусны банкны зүгээс донорууддаа цусыг нь зүгээр авах биш, тодорхой хугацаагаар амраах, халуун цайгаар үйлчлэх зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлэх үүрэгтэй байдаг байна.
Цусны улаан эсийг зөөвөрлөж болдоггүй. Иймээс тухайн сумандаа байж байх ёстой гэнэ. Үүнтэй холбоотой энэ үйлчилгээнд зориулсан зардал, мөн зарим бэлтгэсэн цусыг хэрэгтэй газарт нь тээвэрлэх зэрэг үйл ажиллагаануудад зориулсан санхүү дутагдалтайгаас амин чухал хэрэглээ болсон цус цусан бүтээгдэхүүний үйл ажиллагаанд хүндрэл гарч байгаа учир тухайн банкны үйл ажиллагааны нөхцөл байдалд дүгнэлт хийгээд ойрын зайлшгүй хэрэгцээнд аймгийн Засаг даргын нөөцөөс тодорхой хэмжээний хөрөнгө тус банкинд өгөхөөр шийдвэрлэх нь зүйтэй гэж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид үзлээ.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг