Өнгөрсөн онд 6.5 га талбайг нөхөн сэргээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-01-15 13:25:26

Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас 2018 онд хийсэн тооллого, судалгаагаар найман сумын 36 газрын 199.98 га талбайг эвдэрсэн газар гэж үзжээ.  Үүнээс эвдрэлд орсон газрын 6.5 га-д нөхөн сэргээжээ. Тухайлбал, Алтай сумын Тамт хэмээх гурван га газарт “Түлхэц хад” нөхөрлөл техникийн нөхөн сэргээлт хийсэн бол Дөргөн сумын “Хөх эргийн аараг” хэмээх газрын 3.5 га талбайд “Блю гоулд” ХХК нөхөн сэргээсэн байна. 

Эвдэрсэн 199.98 га талбайг ангилж үзвэл 103.22 га нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын, 84.56 га нь хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагаанаас болжээ. Харин 84.56 га-ийн бараг тэн хагас нь буюу 41 га талбайг “Өгөөжтэй өв” ХХК, 12,2 га талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагааны улмаас болж эвдэрчээ. 

Дээрх нийт эвдэрсэн газрын 76,62 га талбайд “МоЭнКо” ХХК, ашиглалтын “Талст молор” ХХК, “Булган стар” ХХК, “Брит осиенс куание” ХХК зэрэг компаниуд хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна. Нөхөн сэргээлт хийх шаардлагагүй буюу байгалийн жамаар нөхөн сэргээгдэж буй 17 газрын 76.66 га талбай байгаа аж. Мөн энэ онд Алтай сумын Тамт хэмээх газарт 10.3 га талбайд эвдэрсэн газрын нөхөн сэргээлт хийхээр төлөвлөж, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст санал хүргүүлсэн гэж аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.

                                                                                     Н.Лхагва


相关新闻