Засгийн газар өрсөлдөх чадвараараа 38-р байранд оржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-03-11 13:18:50

БНСУ-ын “Засгийн газрын өрсөлдөх чадвар” судалгааны төв дэлхийн улс орнуудын Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгөхөд нийт 89 улс орноос Монгол Улс 38 дугаар байрт жагсчээ.

Тус судалгааны төв 2011 онд байгуулагдсан бөгөөд БНСУ-ын Төрийн захиргаа судлалын хүрээлэнгийн харьяанд багтдаг. 2013 оноос дэлхийн улс орнуудын “Засгийн газрын өрсөлдөх чадвар”-т үнэлгээ өгч ирсэн бөгөөд эхний жилд OECD буюу /Олон улсын хамтын ажиллагааны байгууллага/-ын  гишүүн 34 улс хамарсан бол 2014 оноос үнэлгээ хийх улс орны хүрээг  “Хөгжиж буй улс орнууд”-ын түвшинд өргөтгөн улмаар дэлхийн 89 улс оронд тус үнэлгээг хийж байгаа юм байна.

“Засгийн газрын өрсөлдөх чадвар”-ын үнэлгээ нь тухайн улс орны эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, мэдээлэл технологи, байгаль орчин, засаглал, хүнс хөдөө аж ахуй зэрэг салбарын түвшинд баримталж буй төрийн бодлого, түүнчлэн бодлого хэрэгжилтийн түвшин, мөн Засгийн газрын дотоод хүчин чадал буюу үйл ажиллагааны чадавх зэрэг үзүүлэлтийг гол шалгуур болгон үнэлгээ хийдэг.Эдгээр үзүүлэлтээр Монгол Улсын Засгийн газар харилцан адилгүй үр дүнг харуулсан ба тухайлбал эдийн засаг, засаглал, боловсролын салбарын түвшинд баримталж буй бодлогын түвшин хангалттай сайн үнэлэгдсэн бол хүнс, хөдөө аж ахуй болон эрчим хүчний салбарт баримталж буй бодлогын түвшинд хангалтгүй үнэлгээ авчээ. 

Эдийн засгийн салбарт Монгол Улс сүүлийн 5 жилд эдийн засгийн дундаж өсөлтөөр нийт 89 улс орнуудаас 1 дүгээр байр, тухайлбал аж ахуйн нэгж байгуулахад зөвшөөрөл авах шат дамжлагыг бууруулах зэргээр бизнес эрхлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэх түвшин өндөр, ажилгүйдлын түвшин 4.9 хувь, Жинийн коэффициент (Коэффициент Джини) бага байгаа зэрэг нь эдийн засгийн өсөлтөд дэмжлэг болж чаджээ. Мөн Боловсролын салбарт ЕБС-ийн багш нарын мэргэшсэн байдлаар дэлхийн 89 улсаас 1 дүгээр байр, үүнд насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалт, бага-дунд-ахлах ангид дэвшин суралцагчдын эзлэх хувь харьцангуй өндөр байгаа нь өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар боловсролын салбарт ихээхэн анхаарч, дээд зэргийн сайн боловсон хүчин бэлтгэхэд хөрөнгө оруулалтыг идэвхтэй дэмжиж ирсний үр дүн гэж дүгнэжээ.

Мөн Засаглалын хувьд ардчиллын хөгжил, тухайлбал сонгуулийн үйл явц, олон ургальч үзэл, улс төрийн соёл илт сайжирсан гэсэн үр дүнтэй гарчээ.

Харин хүнс, хөдөө аж ахуйн салбарт өргөн уудам газар нутагтай ч газар тариалан эрхлэлт харьцангуй бага, мөн ДНБ-д ноогдох газар тариалангийн нэмүү өртгийн түвшин бага гэж үнэлэгдсэн бол эрчим хүчний салбарын хувьд хүрээлэн буй орчноо хамгаалсан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ харьцангуй бага, улмаар усны чанар, агаарын бохирдлын түвшин өндөр гэсэн судалгааны үр дүнд тулгуурлан Монгол Улс эдийн засгаа тогтвортой хөгжүүлэхэд хүрээлэн буй орчноо анхаарч, сайжруулах нь нэн тэргүүний шийдвэрлэх асуудал гэж тус судалгааны төвөөс дүгнэлт гаргажээ.

Харин бодлого хэрэгжилтийн 4 түвшинд нийтлэг тэнцвэртэй байдал харагдаж байгаа ч “Үр дүн”-гийн үе шатанд арай өндөр үзүүлэлттэй гарч энэ нь Засгийн газын үйл ажиллагааны хэрэгжилтийн эцсийн үр дүн өндөр болохыг харуулав.

Бодлого хэрэгжилтийн “үйл явц”-ын үе шат Засгийн газрын дотоод хүчин чадлыг харуулдаг онцлогоороо өрсөлдөх чадварын голлох хэсэг юм. Манай улсын Засгийн газар дээрх 4 үе шатнаас “Үйл явц”-ын хэсэгт хамгийн сул үзүүлэлттэй гарсан байна.

Мөн нэмэлт сайн мэдээ гэвэл Австралийн судалгааны байгууллага болох IEP (Institute for Economics & Peace)-ээс гаргасан Дэлхийн энх тайвны индекс (Global Peace Index)-ээр өндөр оноотой үнэлэгдсэн бол Иргэний эрх чөлөө (Civil liberties) ч бас өндөр үнэлгээтэй байна. Мөн Gallup World Poll-ээс судалсан ажил эрхлэлтийн талаар иргэдийн сэтгэл ханамж ч бас өндөр бөгөөд 30 хувьд хүрч байна.

Монгол Улсын хувьд хөгжингүй улс орнуудын хууль эрх зүй, бүтэц зохион байгуулалтын арга, туршлагыг ихээхэн нэвтрүүлж, нутагшуулсан байна. Харин хууль эрх зүй, институцийн жигд үйл ажиллагаанд нийт албан хаагчдын ухамсарын түвшний өөрчлөлт, улсын салбарын нийтлэг соёлын өөрчлөлт хийгдэх ёстой тул төрийн албан хаагчдын сургалт, хөгжлийг идэвхитэй зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна. Илүү нарийвчилсан судалгаа, шинжилгээг Засгийн газрын дараах үзүүлэлтийг ашиглан тайлбарласан аж.

Засгийн газрын дотоод хүчин чадлын нэг үзүүлэлт болсон ажил үүргээ гүйцэтгэх чадвар нь мэдээлэл харилцааны технологид суурилсан улс орны статистик мэдээллийн түвшин өндөр байгаа нь Засгийн газар ажил үүргээ гүйцэтгэхэд хангалттай суурь болж, улмаар мэргэшсэн байдлыг хангаж байна гэж үзсэн. Мөн төрийн бодлогыг саадгүй хэрэгжүүлэх үүднээс зөвшилцөл (Consensus-Building)-ийн түвшин өндөр бөгөөд бодлогын эрэмбэ тогтоолт (Prioritization) тодорхой байдаг зэрэг нь улс орны үйл ажиллагааг явуулах Засгийн газрын нэр төр (Stateness) өндөр байна гэсэн судалгааны үр дүн гарчээ.

Түүнчлэн Засгийн газар санхүүгийн чадавхи хангалтгүй, учир нь ДНБ-д ноогдох Засгийн газрын зардлын түвшин 13.4 хувь байгаа нь нийт 89 улс орнуудын дундаж үзүүлэлт болох 16.8 хувьд хүрч чадахгүй байгааг харуулж, улмаар Засгийн газрын үр ашиггүй зарцуулалт (Wasteful-ness of government spending), санхүүгийн бодлого (Fiscal Policy) зэрэг үзүүлэлтүүд буурах хандлагатай гарсан. Улсын салбарын энэ мэт үр ашиггүй байдал нь олон улсын байгууллагуудаас үнэлсэн авлигын түвшин өндөр байгаатай холбогдуулж, энэ ч үүднээсээ Засгийн газар нээлттэй (Openness), ил тод (Transparency) байдлыг сайжруулах шаардлагатай гэж үзсэн байна.

Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтын хувьд Засгийн газрын тогтоол, журмын зохицуулалт өндөр байдаг нь үр ашиггүй байдлыг нэмэгдүүлж, мөн албан тушаалтны  шийдвэр гаргах үйл явцад тал зассан байр суурь (Favoritism) баримтлах хандлага их гэж дүгнэсэн байна. Ялангуяа төрийн албанд ажилтан авах үйл явц нь мэдлэг, ур чадвар, гүйцэтгэлд суурилан хийгдэж чадахгүй байгаа зэрэг асуудлыг нэн түрүүн сайжруулах ёстой гэж  судалгааны багын дүгнэлт гарчээ.

Ахлах багш Б.Цацралт

 

相关新闻