Дарви суманд энэ онд хоёр тэрбум гаруй төгрөгийн бүтээн байгуулалт өрнөнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 7-ны өдөр Дарви суманд ажиллав. Ажлын хэсэг болон сум, багийн удирлагууд Дарви сумын “Мөнгөн аяга” багийн малчин Монгол Улсын хошой аварга малчин Д.Баатарцогттой уулзлаа. Тэрээр 2010 онд Улсын аварга малчин, өнгөрсөн жил Монгол Улсын хошой аварга малчин цолоор шагнуулсан хашир туршлагатай малчдын нэг юм. Аваргынх "Мөнгөн аяга" багийн нутаг “Тахилт” гэх газар бог, бод нийлсэн 1000 гаруй малтай өнтэй сайхан өвөлжиж байна. Тэрээр өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил өвөлжилт харьцангуй сайн байгаа ч хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа талаар ярилаа.
Ажлын хэсгийнхэн тус сумын өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ. Уулзалтад 250 гаруй иргэд оролцож, санал бодлоо солилцов.
Уулзалтын хүрээнд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажил, 2019 онд хийгдэх томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, цаашдын зорилго, зорилтын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр иргэд “Шинэ Ховд” хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулганаар малчдын орлогын гол эх үүсвэр болсон ноолуурыг ченжийн гар дамжуулахгүйгээр “Говь” ХХК-д шууд нийлүүлэх гэрээ байгуулсанд талархал илэрхийлж байлаа. Мөн авилга, хүнд суртлыг багасгаж, ажлын хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор “Хариуцлагатай Тунгалаг төр” хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байгаа нь цаг үеэ олсон чухал асуудал гэдгийг иргэд онцлон хэллээ.
Мөн 2019 онд Ховд аймагт нийтдээ 57,0 тэрбум хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхээс Дарви суманд 2,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийнэ гэж аймгийн Засаг дарга танилцууллаа. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл, Цементийн үйлдвэрийн төсөл, жилдээ 50 мянган тн газрын тос боловсруулах бага хүчин чадлын нефтийн үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх Ховд Агро парк, малын гаралтай түүхий эд, арьс шир, ноос ноолуур, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийн цогцолбор, гэр хорооллын айл өрхүүдэд чиглэсэн “Хашаандаа сайхан амьдарцгаая” төсөл, Тэээвэр ложистикийн төсөл зэрэг томоохон ажлууд энэ онд эхэлнэ. Харин Дарви суманд Хүүхдийн цэцэрлэгийн барилга, халуун ус, сауны барилга, худаг, мал угаалгын ванн, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар авто замын хашлага, зогсоол зэрэг ажлууд хийгдэх юм. Мөн энэ онд төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбохдох 3 сумын нэгд Дарви сум багтаж байгаа юм.
Уулзалтын төгсгөлд Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдэг, аймгийн “Хүндэт тэмдэг”-ийг нэр бүхий иргэдэд гардуулан өгч баяр хүргэсэн бөгөөд аймгийн Засаг дарга Дарви сумын ахмадуудад хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулав.
Н.Лхагва