Архины эсрэг аяны тугийг Боловсрол, соёл урлагийн газар амжилттай аялууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Архидалтгүй нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж, байгууллага” аяны туг, дэвтэр оны эхний долоо хоногт Боловсрол, соёл урлагийн газарт аяллаа.
Аяны хүрээнд тус байгууллагаас хүнсний “Орда” үйлдвэртэй хамтран ажиллаж, 1000 гаруй бүтээгдэхүүнд архины хор уршгаас сэрэмжлүүлсэн уриалга наасан ба “Архинаас аюул гарч, сархадаас самуун үүснэ” сэдэв дор сурталчилгааны самбарыг олон нийтийн талбайд байршуулаад байна. Мөн Арвайхээр сумын багийн нийгмийн ажилтнуудтай хамтарч, архинд донтох өвчтэй, архи тогтмол хэрэглэдэг иргэдээс эмчилгээнд хамруулахаар холбогдох газруудтай ярилцаад байгаа аж. Архидан согтуурахтай тэмцэх ажилд оролцох оролцооны үр нөлөөг дээшлүүлэх мэдээлэл, сурталчилгааны ажлыг аймгийн боловсролын салбарт зохион байгуулж, 2000 гаруй иргэнд архинаас татгалзах гарын авлагыг хүргэжээ. Аяны туг, дэвтэр өнөөдөр Боловсрол, соёл урлагийн газраас Татварын хэлтэст шилжээд байна.
Аймгийн Засаг даргын захирамжаар “Архидалтгүй, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж, байгууллага” аяныг 2018 оны 9 сараас 2019 оны 6 сар хүртэл зохион байгуулж, архидан согтуурахтай тэмцэх ажилд төрийн албан хаагчдын оролцоог нэмэгдүүлж байна.