“Улсын тэргүүний биеийн тамир, спортын хамтлаг”-аар Баянхонгор ОБГ шалгарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын хамт олон 2018 оны “Улсын тэргүүний биеийн тамир, спортын хамтлаг”-аар шалгарчээ.
Онцгой байдлын газар нь 2017 онд орон нутгийн дэмжлэг, туслалцаа, алба хаагчдын дотоод хүч, нөөц бололцоог ашиглан “Аврагч” спорт заалыг барьж, ашиглалтад оруулсан юм. Ийнхүү тус хамт олон биеийн тамир спортоор тогтмол хичээллэх таатай нөхцөл боломж, орчин бүрдүүлж, ажилчдынхаа бие бялдрын хөгжилд анхаарч, биеийн тамир-спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулж иржээ.
Мөн тус зааландаа гал унтраах техникийн олон төрөлт спортын бэлтгэл сургуулилтаа жилийн аль ч улиралд хийх, бүсийн хэмжээнд томоохон уралдаан, тэмцээнийг зохион байгуулах боломж бүрдсэн байна.
Сонирхуулахад, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын “Аврагч” спорт заалыг Гал түймэр унтраах, аврах 16 дугаар анги үүсэн байгуулагдсаны түүхт 40 жилийн ойн баярын хүрээнд барьж байгуулжээ. Орчин үеийн стандартад нийцсэн спорт заалыг 167 сая төгрөгийн төсөвт өртгөөр Онцгой байдлын газрын алба хаагчид өөрсдөө барьж босгосон аж.