Монгол, Канадын хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонгол Улсын Сангийн сайд Б.Болор Канадын Улсын Парламентын гишүүн, Олон улсын хөгжлийн асуудал эрхэлсэн парламентын нарийн бичгийн дарга хатагтай Карина Гоулдтай уулзалт хийж Канад Улсын Засгийн газраас Монгол Улсыг хөгжлийн тусламж үзүүлэх улс орны тоонд багтааж, анхны төслөө амжилттай хэрэгжүүлж эхэлсэн явдалд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.
Уул уурхай, хөрөнгө оруулалтын чиглэлд харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлж ажиллахаас гадна хөгжингүй орнуудаас үзүүлэх хөгжлийн тусламж дэлхийн нийтэд хумигдаж байгаа энэ цаг үед Монголыг хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөртөө шинээр оруулж байгаа нь хоёр тал харилцан ойлголцлын үндсэн дээр эдийн засгийн хамтын ажиллагааг бүхий л талаар хөгжүүлэн өргөжүүлэх хоёр талт харилцааны хувьд эерэг ирээдүй, холыг харсан бодлогыг хэрэгжүүлж буй тод илрэл юм гэдэг дээр санал нийлэв.
Сангийн сайд Монгол хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрт хамрах болсонтой холбогдуулан хоёр орны Засгийн газрын хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулах ажлыг шуурхай зохион байгуулахаа мэдэгдэв.
Хоёр орны хоорондын хөгжлийн хамтын ажиллагааг уул уурхайн салбараар хязгаарлалгүй хөдөө аж ахуй, боловсрол, орон нутгийн чадавхийг бэхжүүлэх, төрийн алба, хууль эрх зүйн шинэчлэлийн чиглэлийг хамруулахыг санал болгов.
Цаашилбал, УИХ-ын намрын чуулганаар Монголын баялгийн сан буюу Ирээдүйн өв сангийн тухай хууль батлагдаж санг байгуулах, сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх этгээдийг байгуулах асуудлаар хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Канадын туршлага судлах, хамтран ажиллах хүсэлтийг тавьж, Канадын тал энэ чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаа бөгөөд Канадын туршлагаас харахад сангийн менежментийн асуудлаар төрийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх, улс төрийн нөлөөлөөс гадуур байлгах чухал шаардлагатайг онцлон тэмдэглэв.