Сүхбаатар сум дахь хилийн боомтуудаар нэвтрэх зорчигчид цөөрч, тээврийн хэрэгсэл нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-12-03 11:51:10

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын хил хамгаалалтад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгуллагуудын хамтын ажиллагааг дээшлүүлэх. Цаашлаад улсын хил хамгаалах байгууллагын саналыг үндэслэн хил хамгаалалтад туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах асуудлыг хэлэлцдэг Хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн аймгийн нэгдсэн зөвлөлгөөн энэ сарын 28-ны өдөр Сүхбаатар хотноо аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд боллоо.

Зөвлөлгөөнд аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, ХЦ-ийн 0243-р ангийн захирагч, хилийн бүрэн эрхт төлөөлөгч Х.Дамдинсүрэн, ХЦ-ийн 0101-р ангийн захирагч дэд хурандаа, хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч В.Намхайнямбуу, хил орчмын бүс гэгдэх Түшиг, Ерөө, Хүдэр, Алтанбулаг, Сүхбаатар сумдын дарга нар, сумдын ЗДТГ-ын дарга нар, аймгийн ЗДТГ-ын дэргэдэх хэлтэс албадын дарга нар, хууль, хяналтын байгууллагын дарга нар оролцсон юм. Энэ удаагийн зөвлөлгөөний бүрэлдэхүүнийг шинэчилж сумдын БО-ны улсын байцаагч, ЭМТ-үүдийн эрхлэгч нарыг нэмж оруулснаараа онцлог байлаа.

Хил хамгаалалтын туслах хүчний зөвлөлгөөнөөр 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажил, 2019 онд хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн танилцлаа. Ингээд зөвлөлгөөнөөр Хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийт 55 ажил, арга хэмжээ төлөвлөгдсөнөөс найман ажил биелээгүй, 12 ажил хагас биелэлттэй, төлөвлөгөөний биелэлт 80.4 хувьтай хэрэгжжээ.    

Сэлэнгэ аймаг нь хилийн хоёр том боомттой, дэд бүтэц өндөр хөгжсөн, хилийн хоёр том отряд байдгаараа бусад аймгаас давуу талтай юм. Хилчдийг унаажуулах, цаг алдалгүй түргэн шуурхай мэдээллээр хангах зорилгоор ард түмний дунд өрнөж байгаа “Нэг баг-Нэг агт” аяны хүрээнд энэ онд 28 агт, гурван мотоцикл хилчдэд өгчээ. Ирэх 2019 онд энэ аяныг үргэлжүүлж, “Нэг мянгат-Нэг агт” аяныг шинээр эхлүүлэхээр болжээ. Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн төлөвлөгөөнд тусгагдсанаар Хилийн бүрэн эрхт төлөөлөгчдийн орлогчийн хэмжээний уулзалтыг жилд хоёр удаа хийж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэн ажиллаж, бүх мэдээ мэдээллийг шуурхай, солилцон хамтран ажилласны үр дүнд өнгөрөгч гурван жил дамнасан ой хээрийн түймэр гараагүй байна. ОХУ-ын хилийн аюулгүй байдлын албаны Буриадын хилийн удирдах газартай хамтран “Хамтарсан хил хамгаалалтын бодлого”, “Зурвас-2018” хамтарсан тусгай ажиллагааны бодлогыг хэрэгжүүлэн ажиллажээ. Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хил хамгаалах Ерөнхий газар хооронд байгуулсан гэрээний дагуу орон нутгийн төсвөөс 42.6 сая төгрөгийн санхүүжилтээр хилийн 594-598 дугаар тэмдгийн хооронд 30 м өргөнтэй, 7.2 км ойн огтолсон зурвасыг шинээр байгуулсан байна. Урьд онуудад байгуулсан 20 м өргөн, 114 км урт мөр хянах зурвасыг ХХЕГ болон орон нутгийн санхүүгийн дэмжлэгээр хавар, зуны улиралд хоёр удаа “Гацуурт”, “Баян-Ундарга”, “Шар нарс” ХХК-иудын  техник ашиглан сэргээжээ. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэрэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарын баталсан мансууруулах, донтуулах үйлчилгээтэй ургамлыг устгах арга хэмжээ явуулж, Сүхбаатар, Алтанбулаг, Хүдэр сумдын нутаг дэвсгэрийн хилийн зурваст 9 цэгт 18 га талбайд “Зэрлэг олс” ургамалыг хор цацаж устгасан байна. Цаашлаад ЕБС-ийн 1000 сурагчийн 20 хувь буюу 200 гаруй сурагч хар тамхи мансууруулах бодис хэрэглэж үзсэн, 50 орчим сурагч тогтмол хэрэглэдэг гэсэн судалгаа байгааг анхаарч үр хүүхэд, орчин тойрноо энэ аюулаас хамгаалахыг зөвлөлгөөний үеэр онцолсон.   

Зөвлөлгөөнд сумдын удирдлагууд болон хууль хяналтын байгууллагын удирдлагууд оролцсон явдал нь хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчил удаа дараа гаргадаг явдлыг таслан зогсооход хамтран ажиллах чухал үүрэгтэйг юм. Тухайлбал Сүхбаатар сумын иргэд хилийн бүсд зөвшөөрөлгүй мод бэлтгэх, Түшиг, Алтанбулаг сумын нэр бүхий иргэд малаа хилд тулгах, хил давуулах зэргээр зөрчил гаргадаг байна.

Экспорт, импортын  ачаа нэмэгдсэнтэй холбоотой тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсчээ

Сүүлийн үед Сүхбаатар сум дахь хилийн боомтуудаар зорчих иргэдийн тоо буурч, харин тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсчээ. Энэ нь Монгол Улс, ОХУ-ын хооронд хийгдэх экспорт, импортын  ачаа нэмэгдсэнтэй холбоотой юм. Тодруулбал  2016 онд 1.1 сая зорчигч, 412.579 тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан бол  2017 онд зорчигч  21.3 хувиар буурч, тээврийн хэрэгсэл 1.2 хувиар өсчээ. Харин 2017 оны үзүүлэлттэй энэ оныхыг харьцуулахад зорчигч 4.5 хувиар буурч, тээврийн хэрэгсэл 2.4 хувиар өссөн аж. Ингэж зорчигчий хөдөлгөөн буурч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн өссөн явдал нь Монгол Улс, ОХУ-ын хооронд хийгдэх экспорт, импортын  ачаа нэмэгдсэнтэй холбоотой хэмээн хилчид үзэж байгаа юм. Мөн энэ онд рублийн ханш өссөнтэй уялдан “Алтанбулаг” авто замын боомтоор нэвтрэх зорчигчдын хөдөлгөөн багасч, тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсэнээр овор хэмжээ бага, үнэд хүрэх, их хэмжээний ашиг олох, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа, сэтгэцэд нөлөөлөх, эм, бэлдмэлийг хууль бусаар тээврийн хэрэгсэлд нууж нэвтрүүлэх хандлага ч байгаа гэлээ.   

12 удаагийн үйлдлээр 15 иргэн улсын хил санаатайгаар зөрчихийг завджээ

Сэлэнгэ дэх хилийн боомтоор баримт бичгээ үрэгдүүлсэн болон бусдын нэрээр буцах үнэмлэх авсан Монгол Улсын иргэд. Мөн ижил төстэй хүний баримт бичиг ашиглагсад, хил нэвтэрсэн тэмдгийг хуурамчаар үйлдэх, хуурамч виз ашиглах, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлсийг хууль бусаар нэвтрүүлэх хэлбэрийн зөрчлүүд гарч болзошгүй байгаа гэнэ.

Харин Улсын хилийн хариуцсан хэсгээр тэнүүлчид, төөрөгсөд, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэгсэд, сэтгэцийн өөрчлөлттэй иргэд, мөн гэмт хэрэг үйлдэж хуулийн хариуцлагаас оргон зайлагсад, хил орчмын иргэд үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, байгалийн гаралтай түүхий эдийг нэвтрүүлэх зөрчлүүд гарч болзошгүй байгааг зөвлөлгөөний үеэр ХЦ-ийн 0101-р ангийн захирагч дэд хурандаа, хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч В.Намхайнямбуу мэдээлсэн юм.

Тухайлбал энэ сарын 28-ны өдрийн байдлаар “Тавт” шалгалт хамгаалалтын заставын чиглэлд гадаадаас төмөр зам даган явганаар улсын хил зөрчсөн ОХУ-ын нэг иргэн, дотоодоос улсын хил зөрчихийг завдсан Монгол Улсын нэг иргэнийг тус тус илрүүлэн саатуулжээ. Он гарсаар энэ хугацаанд хилийн боомтуудаар 99 орны 641.502 зорчигч, 55 орны 348924 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна. Эдгээрээс 12 удаагийн үйлдлээр 15 иргэн улсын хил санаатайгаар зөрчихийг завджээ. Мөн зорчих эрхийг түр хугацаагаар хязгаарласан 40 иргэн, хориглосон эд зүйл нэвтрүүлэхийг завдсан гурван удаагийн гурван иргэн зорчил гаргасан аж. Мөн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчгүй 91 хүүхэд, боомтын журам зөрчсөн дөрвөн иргэн дөрвөн удаагийн үйлдэл үзүүлснийг илрүүлэн саатуулжээ. Түүнчлэн баримт бичгийн 16 төрлийн 1209 зөрчлийг тус тус илрүүлэн хууль зүйн дагуу шийдвэрлэн ажиллажээ. ОХУ-ын хил орчмын нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдийн амьжиргааны түвшин өсч ажилгүйдэл багасаж, зохион байгуулалттай гэмт хэрэг улам нарийсч, хар тамхи, мансууруулах бодист донтогсдын тоо нэмэгдэж байгаа талаар хилийн бүрэн эрхт мэдээлэлдээ дурьдлаа. Мөн 2018 он гарсаар манай орны иргэд ОХУ-д зорчих үедээ унаж явсан автомашинаа хулгайд алдсан дөрвөн  удаагийн тохиолдол гарчээ. Ингэж гэмт хэргийн бүлэглүүдэд тансаг хэрэглээний үнэтэй тээврийн хэрэгслээ хулгайд алдан эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл өндөр байгааг энэ үеэр анхаарууллаа.  

Зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх байдлын удаашрал гаалийн байгууллагаас болдог аж

Монгол Улс болон ОХУ-аас нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түргэн шуурхай нэвтрүүлэх зорилгоор хоёр талын Хилийн Бүрэн Эрхт төлөөлөгчийн төлөөллийн уулзалтыг сар бүр зохион байгуулж, харилцан мэдээ, мэдээлэл солилцон ажиллаж байгаа аж. Гэвч нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний удаашрал нь ОХУ-ын талын хилчдийн зүгээс нөлөөлөх зүйл байхгүй, Гаалийн байгууллага үүсгэж байна гэсэн тайлбарыг өгдөг байна.

ОХУ-ын тал улсын хилээр нэвтэрч буй нэг зорчигчийг дунджаар 1-2 минут, тээврийн хэрэгслийг 10-15 минутанд шалган нэвтрүүлдэг байна. Хиагтын авто замын боомтын гаалийн байгууллага нь нэг тээврийн хэрэгслийн бүртгэл, шалгалтыг дунджаар 40-45 минутанд явуулдаг ажээ. Алтанбулаг авто замын боомт нь улсын хилээр нэвтэрч буй нэг зорчигчийг дунджаар 30-45 сек, тээврийн хэрэгслийг 3-5 минутанд шалган нэвтрүүлдэг байна. Монгол Улс, ОХУ-ын хилийн төмөр замын комиссын зөвлөгөөнөөр улсын хилээр нэвтэрч буй ачааны галт тэрэг, зүтгүүрийн үзлэг шалгалтыг энэ оны 01 дүгээр сарын нэгний өдрөөс эхлэн “Тавт” шалгалт хамгаалалтын заставын байрлалд явуулж эхэлсэн байна. 

相关新闻