Хотын дарга нар 1000 сэтгүүлчид ажлаа тайлагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-04 14:17:39

Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 103 жилийн ой энэ сарын 06-нд тохионо. Уг ойг угтан өнөөдөр МСНЭ, НЗДТГ хамтран “Ил тод, нээлттэй Улаанбаатар” 1000 сэтгүүлчийн форумыг СТӨ-нд зохион байгуулав.

1913 оны 3 дугаар сарын 6-ны өдөр “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдсэнээр Монгол улсад тогтмол хэвлэл үүссэн хэмээн үздэг. Энэхүү сонины эрхлэгчээр их соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн ажиллаж байсан бөгөөд түүнийг Монголын сэтгүүл зүйн салбарыг үндэслэгч хэмээн түүхэн эх сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Энэ өдрөөс хойш Монгол улсад сэтгүүл зүйн салбар хөгжсөөр өнөөдөр 103 жилийн түүхэн ойтойгоо золгож байна.

“Шинэ толь” хэмээх сонин бичиг гарч эхэлсэн нь тухайн үеийн Монгол орноо соёлын том хувьсгал байлаа. Уг хэвлэл анх 50 орчим хуудастай сэтгүүл хэлбэрээр 500 хувь хэвлэгдэн төрийн байгууллагуудад тарааж, цөөн хэдийг  нь худалдаалдаг байж. Дараа нь хуудсын тоог цөөрүүлэн сонины хэлбэрт оруулан хэвлэх болж нийтдээ 20 дугаар гарсан байдаг.

Хэвлэл мэдээлэл бол дөрөвдөгч засаглал хэмээдэг. Үгийн мэргэн, үзгийн хурцаар ямар ч цаг үед үнэнийг эрэлхийлж, шударга ёсыг тогтоогч гавъяатан бол сэтгүүлчид юм. Эдүгээгээс 103 жилийн өмнө үүсэн бий болсон сэтгүүл зүйн салбар хожмоо Монгол Улсад Ардчилсан хувьсгал явагдахад чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн НИТХ-ын дарга Д.Баттулга “Ил тод, нээлттэй Улаанбаатар” форумын нээлтийн үеэр онцлон тэмдэглэв.

Тэрбээр, Нийслэлийн удирдлагууд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа иргэдэд нээлттэй хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж ирсэн. Энэ зорилтоо хэрэгжүүлэхэд сэтгүүлчдийн гавъяа хэмжээлшгүй их юм. Гэхдээ нээлттэй байдлыг ашиглан үнэн мөнийг мушгин гуйвлуулах, гүтгэн доромжлох тохиолдол байсаар байна. Тиймээс та бүхнийг сэтгүүлийн ёс зүйгээ эрхэмлэн ажиллахыг хүсч байна. Сэтгүүлчид та бүхний мэргэн санаа бидний ажилд урам өгч, хатуухан шүүмжлэл нь урагшлах замд ташуур болох болно” хэмээв.

Нээлттэй засаглал гэх ойлголт олон улсад бий болоод 5 жил болж байна. Иргэд нь төрийн байгууллагын үйл ажиллагааг нээлттэй зарчмаар хүлээн авах, мэдээллийн технологийн давуу талыг ашиглан төрийн бодлого шийдвэрт оролцох боломжийг захиргааны байгууллага иргэдэд олгохыг Нээлттэй засаглал хэмээн тодорхойлдог байна. Үүнийг дагаад хариуцлагын тогтолцоо, шударга ёс тогтох үндэс бүрэлдэх юм хэмээн МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид илтгэлдээ дурьдав.

Тэрбээр, “Зургийн аппарат зүүж, тэмдэглэлийн дэвтэр халаасалсан сэтгүүлчийн төрхийг шинэ зууны технологийн шинэчлэл тэр чигээр нь өөрчилж байна. Төр ард түмэн дундын жуулчлагчгүйгээр харьцдаг болоод байна. Иргэд цахим ертөнцөөр дамжуулан сэтгүүлчидтэй адил мэдээлэл чөлөөтэй олж авдаг, түгээдэг болсон. Ийм нөхцөлд мэргэжлийн сэтгүүлч нийгмийн хариуцлагаа ухамсарладгаараа олон нийтийн сүлжээгээр мэдээ түгээгч иргэн-сэтгүүлчээс ялгарах ёстой. Ялангуяа нээлттэй засаглалтай нийгмийн онцгой ач холбогдолтой асуудлын мөн чанарыг олон нийтэд ойлгуулан таниулах, энэ чиглэлээр хийж томоохон ажил, сайн туршлагыг сурталчлан түгээх, бурууг  шүүмжлэх нь өнөөгийн сэтгүүл зүйн үүрэг юм. Үүнд та бидний давуу тал, давтагдагдашгүй мөн чанар оршино” гэв.

Форумын үеэр НЗДТГ-аас авлигагүй, хүнд сурталгүй, нээлттэй засаглал аюулгүй, тохилог орчин бүтээж иргэдээ ажилтай, орлоготой байлгахын тулд өнгөрсөн 4 жилд хийж бүтээсэн ажлаа танилцуулав.

Тухайлбал, Өмнө нь жил 2-3 удаа хуралддаг байсан НИТХ-ын үйл ажиллагааг байнгын болгож, 2012 оны 6 дугаар сараас хойш 32 удаа хуралдан, 127 асуудлыг хэлэлцсэн байна. Мөн НИТХ-ын тэргүүлэгчид 70 удаа хуралдаж, 628 асуудлыг хэлэлцэн баталжээ.

Мөн УИХ-аар “Улаанбаатар хотыг 2020 он хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”, “2030 оны хөгжлийн чиг хандлага”-ыг батлуулжээ. Шууд ардчиллыг хөгжүүлж, иргэний оролцоог хангах үүднээс Нийслэлийн иргэний танхим 34-ийг байгуулжээ. Нийслэлээс иргэдэд үзүүлж буй үйлчилгээг нэг дор төвлөрүүлэн, “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулсан юм. Энэ Монгол Улсад анх удаа төрийн 453 гаруй үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүллээ.

Түүнчлэн ил тод байдлыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамж, хотын удирдлагуудын гадаад томилолтын зардлын тайланг цаг тухайд www.ulaanbaatar.mn цахим хуудсанд байршуулж байна. Мөн нийслэлийн иргэдийн дунд анх удаа “Зөвлөлдөх санал асуулга” явуулж, бүтээн байгуулалтын ажлыг эрэмбэлсэн байна. Уг санал асуулгад 400 иргэн оролцож, 14 төсөл, хөтөлбөрийн талаар хэлэлцсэн юм.

Нийслэлийн 52 байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га талбайд газар өмчлүүлэх шийдвэр хүрч, нийт 5 удаагийн цахим газар өмчлөлийг зохион байгуулж, 75 мянган иргэн өөрийн газартай болов.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд 244 автозам шинээр барьсан нь бүтээн байгуулалтын хурд 2.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Тухайлбал, 30 жилийн настай Улиастай-Гачуурт чиглэлийн автозамыг 2 эгнээ болгон шинэчилж, Өлзийт-Шувуун фабрикыг холбосон 9.6 км автозам зэргийг нэрлэж болох юм. 5 жилийн өмнө нэг автомашин өдөрт дунджаар 49 минут түгжрэлд зогсож, иргэд жилд 15.4 сая ам.доллар зарцуулж байв. Автозамын бүтээн байгуулалт болон түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд замын хөдөлгөөний ачаалал 15-20 хувиар буурчээ. Түүнчлэн 60 жил өөрчлөгдөөгүй нийтийн тээврийн чиглэлийг шинэчилснээр иргэд тохь тухтай зорчих боломжийг бүрдүүлсэн байна.

Мөн 50 мянга гаруй өрхийг дулаанаар хангах хүчин чадалтай “Амгалан” ДЦС-ыг байгуулж, Энхтайвны өргөн чөлөөний шугам сүлжээг шинэчилжээ. Агаар, хөрсний бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхээр 2013 оноос “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг төсөл нь иргэдийг орон сууцжуулахад томоохон түлхэц болж буйг нийслэлийн удирдлагууд хэлж байлаа.

2013-2015 онд нийслэлд 9940 хүүхдийн багтаамжтай 15 сургууль, 5550 хүүхдийн багтаамжтай 40 цэцэрлэгийг ашиглалтад оруулж, 84 сургууль, 150 цэцэрлэгийн барилгыг засварласан байна. Сургуулийн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор эцэг эхчүүд нь сургуулийн орчинд эргүүлж хийж, тусгай автобусаар 5 дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн 7540 сурагчийг тээвэрлэх болжээ.

Хүй долоон худагт “Монгол наадам” цогцолбор байгуулж, 100 жилийн түүхтэй Даншиг наадмыг сэргээсэн нь нийслэл төдийгүй хөдөө орон нутгийн иргэдийн талархлыг хүлээж байна.

2030 он гэхэд 5 сая жуулчин хүлээн авах зорилго бүхий “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг цогцоор нь хэрэгжүүлж эхэлсэн. Уг хөтөлбөрийн үр дүнд 2015 онд Улаанбаатар хотыг зорих жуулчдын тоо 6 хувиар нэмэгдэж, аялал жуулчлалаас олох орлого 9 хувиар өсчээ.

Сэтгүүлчдийн баярын өдрөөр тэдэнд өөрсдийн хийж бүтээсэн ажлаа тайлагнах хэлбэрээр зохион байгуулж байгаа нь нүдээ олсон зөв алхам гэдгийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.

Тэрбээр, “Улаанбаатар хот бидний үр хойчийн гэр орон. Тиймээс энэхүү гэр орноо тохижуулах бидний зорилго хэмээн үзэж, 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталсан. Энэ төлөвлөгөөгөөр бид метротой, нийтийн тээврийн зөв тогтолцоотой, өндөр хөгжилтэй хот болох юм. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх суурь үндэс нь ил, тод, нээлттэй, авлигагүй засаглал юм.

2000-2013 оны хооронд үнэгүй олгосон газруудыг дуудлага худалдаагаар борлуулсан 26.6 их наяд төгрөгийн орлого олох байсан гэсэн тооцоолол хийсэн. 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд багтсан метро зэргээс эхлээд бүх ажлыг хэрэгжүүлэхэд 24.5 их наяд төгрөг шаардлагатай. Тэгэхээр бид маш том боломж алдсан гэсэн үг. Энэ бүх боломжийг ард түмэнд хүргэх ажлыг сэтгүүлчид хийдэг. Ийм чухал үүрэг хүлээж, ажлаа нэр төртэй хийж буй сэтгүүлчиддээ хамгийн сайн сайхныг хүсье” гэлээ.

1000 сэтгүүлчийн форумд сэтгүүл зүйн салбарт үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагын ахмад ажилтнууд, одоо ажиллаж буй сэтгүүлчид болон НЗДТГ-ын алба хаагчид оролцлоо.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻