Зарим машинтай хүмүүс олдоогүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай аймгийн нийт нутгаар өчигдөр хүчтэй шороон болон цасан шуурга боллоо. Шарга сумын нутгаар 28 м/сек хүрч гамшгийн хэмжээнд хүрсэн бол бусад сумдын нутгаар 18-22 м/сек хүчтэй шуурч 0.2-1 мм тунадас орсон байна.
Энэ үеэр аймгийн ОБГ-т олон дуудлага ирж тус газрын бие бүрэлдэхүүн ажиллаж аврах ажиллагаа явуулсан байна. Цогт сумаас гарсан машин халтиргаатай замд унаж 2 хүн бэртсэн бол Тайшир сум руу явсан 2 машинтай 9 хүн, Дэлгэр сум руу явсан 4 машинтай 17 иргэнд дуудлагаар үйлчлэн тусалжээ. Халиун, Тайшир сумын 5 малчин, Дэлгэр сумын 3 малчин малтайгаа шуурганд уруудаж эсэн мэнд аварагдлаа.
Цээл сум руу явсан нэг машин болон түүний урдаас явсан нэг машин одоогоор хаана байгаа нь тодорхойгүй байна гэж аймгийн ОБГ-ын дарга хошууч Ш.Ган-Эрдэнэ мэдээллээ. Аймгийн төвд зарим барилгын дээвэр салхинд хуурч унасан байна.
Говь-Алтай аймаг Ш.Цоодол