Бууцагаан сумын ЗДТГ олон улсын стандарт нэвтрүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагаанд ISO 9001:2015 олон улсын стандарт нэвтрүүлсэн туршлага, үйл ажиллагаатай танилцлаа. Тус хамт олон 2019 онд дээрх стандартыг үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилт дэвшүүлсэн байна.
Бууцагаан сумын ЗДТГ стандартыг нэвтрүүлсэн тохиолдолд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт бүхий Баянхонгор аймгийн анхны сум, аймгийн хэмжээн дэх гурав дахь байгууллага болох юм.
Стандартын зорилго нь байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээнд хэрэглэгчдэд сэтгэл ханамжийн баталгаа бий болгохо явдал юм. Байгууллагуудад баталгаажуулалт хийдэг стандарт нь ISO 9001:2015 бөгөөд энэ стандартыг 2016 онд үндэсний болгон орчуулснаар Монгол Улсад MNS ISO 9001:2016 чанарын менежементийн тогтолцоо гэж нэрлэгдэж байна.