Н.Төгсцогтын бэртэл илааршиж, шинэ тулааны гэрээ байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-11-02 12:34:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-д ажиллаж амьдарч байгаа спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин, мэргэжлийн боксчин Нямбаярын Төгсцогтой холбогдож түүний ээлжит тулааны товыг тодруулахад: "Хоёр ч холбооны Дэлхийн аварга болж байсан Клаудио Марреротой Лас Вегаст 12 раунд тулалдах гэрээгээ байгуулсан“ гэжээ.


Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимпийн болон ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын рингэнд босоо яваа “King Tug” Н.Төгсцогт, “Баруун гарны бэртлээ бүрэн эдгээж байж энэ маш хариуцлагатай тулааныг хийх гээд хугацаа жаахан хойшилсон. Одоо гарны бэртэл зүгээр болж, бэлтгэлээ жинхэнэ утгаар нь хийж байгаа. Он гаргаад нэг их удалгүй тулаан болно. Бид хоёрын хэн ялсан нь цаашаа Дэлхийн аварга цолын төлөө тулалдах боломжтой болохоор маш их бэлтгэж байж тулаанд орох гээд хугацааг яаран тохироогүй байгаа. Удахгүй тодорхой болно" гэсэн байна.




Энэ удаагийн тулаанд өрсөлдөх Клаудио Маррера Гузман нь энэ жил 29 настай, Доминиканы боксчин. Биеийн өндөр 173 см. Гарын алд 174 см, солгой өрөлттэй. Сонирхогчдын боксоор 2008 оны олимпийн наадам, 2007, 2009 оны ДАШТ-д оролцож байсан. 2007 оны Пан Америкийн наадмын мөнгөн медальтай. 2010 оноос мэргэжлийн боксын рингэнд хүч үзэж, нийтдээ 25 тулаан хийснээс 23 ялж (17 КО), хоёр удаа ялагдсан байна.


Тэрбээр 2012 онд WBC -ийн Төв Америкийн аварга болж, хоёр удаа аварга цолоо хамгаалж байж. 2017 оны дөрөвдүгээр сард WBC, IBO-ийн аварга болж, дараагийн тулаанд бүсээ алдсан. Хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сард тулаан хийж өрсөлдөгчөө эхний раундад нокаутаар ялжээ. Одоогийн байдлаар WBC-ийн чансааны хоёрдугаарт бичигдэж байгаа аж.

相关新闻