Бээжинд 200 мянган автомашиныг хөдөлгөөнд оролцохыг хориглоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
jargal@montsame.mn
2016-03-02 16:27:54

БЭЭЖИН. /RIA Novosti/. Хятадын нийслэл Бээжин хотын эрх баригчид хүрээлэн буй орчны байдлыг сайжруулах арга хэмжээний хүрээнд энэ жил 200 мянга орчим автомашиныг хотын замын хөдөлгөөнд оролцохыг хориглохоор болсон тухай тус улсын Олон улсын радио /CRI/ эрх баригчдын мэдээллээс иш татан уламжилжээ.

Энэ тухай Бээжин хотын Хүрээлэн буй орчныг хамгаалах товчооны орлогч дарга Фан Ли мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, эрх баригчид барилгын хог хаягдал зөөвөрлөдөг дизел хөдөлгүүртэй автомашинуудад хөдөлгөөнд оролцохыг хориглоно.

Үүнээс гадна, хотын зүүн болон баруун дүүргүүдэд нүүрс тээвэрлэх, худалдах, хэрэглэхэд тавьсан хоригийг чангатгахаар төлөвлөж байна. Түүнчлэн Бээжин хотын зэргэлдээ оршдог хүн амын 400 сууринд хийн хэрэглээ нэвтрүүлнэ.

Бээжингийн эрх баригчид 2016 онд агаар дахь "PM 2.5" хортой тоосонцрын агууламжийг 5 хувиар бууруулахаар төлөвлөж байгаа тухай урьд нь мэдээлсэн билээ. Хятадын нийслэл хотын эрх баригчид мөн энэ онд агаарын чанарт хяналт тавьдаг станцын тоог одоо байгаа 35-аас 60 болгон нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Хүрээлэн буй орчны бохирдолтой тэмцэхэд Бээжингийн эрх баригчид энэ жил нийтдээ 16.5 тэрбум юань /2.5 тэрбум орчим доллар/ зарцуулахаар төлөвлөсөн байна.

Д.Жаргал

 

相关新闻