Нарийн ногоо, жимс тариалах шинэ технологи нэвтрүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, БНСУ-ын Кангвон мужийн Хөдөө аж ахуйн Технологийн хүрээлэнгийн хамтын ажиллагаа 2019 он хүртэл үргэлжлэхээр боллоо. Хоёр муж 10 гаруй жилийн өмнө эхлүүлсэн “Кангвон ХАА-н хотхон”төслийн дөрөв дахь үеийг гурван жилийн хугацаатай буюу 2019 он хүртэл хэрэгжүүлэх болж, 2 сарын 29-нд шинэчилсэн гэрээ байгуулжээ.
Энэ хүрээнд хүнсний ногоо тариалах технологийн тухай танхимын болон талбайн сургалтыг түлхүү зохиохоор төлөвлөөд байна. Үүгээр БНСУ-ын шинжлэх ухааны үндэслэлтэй нарийн ногоо тариалах технологи нэвтрүүлэхийг зорьж байна.
“Кангвон ХАА-н хотхон” төслийн эхний шат 2004-2006 онд Борнуурт, хоёр дахь шат 2007-2011 онд Зуунмодод, дараагийн шат 2011-2015 онд Баянчандмань суманд хэрэгжсэн. Энэ хугацаанд 5400 мкв талбай бүхий 18 хүлэмж барьж, гүзээлзгэнэ, амтат гуа зэрэг 9 таримлын 22 сортоос гадна Солонгосын шинэ нэр төрлийн жимс тарих технологийг орон нутгийн хүмүүст зааж, сургажээ.
Үүний зэрэгцээ орон нутагт байнгын 14, түр 15-20 ажлын байр бий болж, хамгаалсан ба ил талбайд хүнсний ногоо тарих, дахин боловсруулах чиглэл бүхий танхимын болон талбайн сургалтанд жил бүр 150-250 гаруй тариаланч хамруулсан байна. Дөрөв дахь төсөл амжилттай хэрэгжвэл хамгаалсан талбай, түүнээс авах ургацын хэмжээ өсч, аймаг, нийслэлийн хэрэгцээг хангаж, улмаар амжиргааны түвшингөө ахиулах боломжтой аж.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг