Энгийн гадаад пастортыг чиптэй болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭГадаад паспортыг солих тухай зарим цахим хуудас мэдээлсэн. Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Б.Болдоос тодруулав.
Тэрбээр, “Гадаад паспорт дотроо энгийн паспортыг чиптэй болгох чиглэлээр ХЗЯ болон УБСГ ажиллаж байна. Энэ ондоо багтаагаад чиптэй паспортыг хэрэглээнд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Тун удахгүй журам нь гарах байх. Одоогийн хэрэглэж буй энгийн гадаад паспорт олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан шаардлагуудыг хангаж байгаа ч зарим улсын шаардлагад нийцэхгүй байгаа юм. Тухайлбал, Арабын нэгдсэн Эмират улс 2015 оноос эхлээд чипгүй паспорттой гадаад иргэдийг өөрийн орондоо нэвтхрүүлэхгүй, эсвэл виз олгохгүй гэдэг байр суурьтай болсон. Тиймээс Монгол Улс олон улсын шаардлага хангасан бичиг баримттай болохын төлөө ажиллаж байна. Чиптэй паспорт нэвтрүүлсэн тохиолдолд одоогийн гадаад паспорт хүчинтэй хугацаагаа дуустал хэвийн үйлчилнэ.
Засгийн газар 2012 онд энгийн гадаад паспортыг чиптэй болгоно гэсэн тогтоол баталсан. Энэ нь үндсэндээ паспортын аюулгүй байдлыг хангах зорилготой юм” хэмээв.
Ч.Ариунболд