Монголоо алдаршуулсан олимпийн баатрууд

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-10-13 10:54:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс 1968 онд буюу одоогоос 50 жилийн өмнө Мехикогийн олимпийн наадмаас  анх удаа дөрвөн медаль хүртсэн бөгөөд нэг мөнгө, гурван хүрэл медалийг чөлөөт бөхийн тамирчид эх орондоо авчирсан билээ.


Үүнээс хойш 1972 оны Мюнхен, 1976 оны Монреалын олимпийн наадмаас тус бүр нэг мөнгөн медаль хүртэж, гурван олимп дараалан Монгол Улсын баг тамирчдаас зөвхөн чөлөөт бөхийн тамирчид л медальтай ирсэн түүхтэй. Харин 1980 оны Москвагийн олимпийн наадмаас чөлөөт бөхийн тамирчид болон жүдочид тус бүр нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн бөгөөд монголчууд бөхийн спортын төрлөөр л олимпийн наадмаас 10 медальтай болсон юм. Хуучин ЗХУ-ын санаачилгаар 1984 онд тухайн үеийн социалист орнууд Лос-Анжелесын олимпийн наадмыг бойкотолсноор Монгол Улс зуны 23 дугаар олимпийн наадамд оролцоогүй. Харин 1988 оны Сөүлийн олимпийн наадамд оролцсон манай бөхчүүд ганзага хоосон ирсэн юм. Монголчууд 4 олимпийн наадмаас дараалан хүртсэн медалийн буухиаг боксчид үргэлжлүүлсэн билээ. Тиймээ, Монголын "ХХ зууны манлай боксчин" Нэргүйн Энхбат Сөүлийн олимпийн наадмаас цорын ганц хүрэл медалийг эх орондоо авчирч ард түмнээ баярлуулсан юм.


11.   1988 он  Сөүл  Н.Энхбат


Миний амжилтын оргил үе 1983-1986 он байлаа


БНМАУ-ын "Спортын гавьяат мастер" цолыг хамгийн сүүлд хүртсэн Н.Энхбат 1984 оны олимп, 1986 оны ДАШТ-д хүч үзсэн бол олимп, дэлхийн аварга болох байсныг монголчууд төдийгүй дэлхий мэдэж байсан гэдэг. Тэрбээр, 1983-1988 онд дэлхийн шилдэг боксчдын зүрхэнд нь шар ус хуруулж, өмнөө сөхрүүлж явсныг Олон улсын сонирхогчдын боксын холбоо /AIBA/-ноос жил бүр гаргадаг шилдэг 10 боксчны нэрсийн жагсаалтад зургаан удаа /1984, 1985, 1986,1988, 1989 он/ нэрээ бичүүлсэн шилдгийн шилдэг боксчин билээ “Сөүл-1988” олимпийн хүрэл медальт, Ази тивийн аварга, гавьяат тамирчин Н.Энхбаттай ярилцсан сурвалжлагаа толилуулж байна. Энэ эрхэмтэй зургадугаар сард “Аса циркт” зохион байгуулсан "Улаанбаатар цом-2018"  олон улсын боксын тэмцээний үеэр уулзсан юм.


-Энэ жил манай спортынхон, ялангуяа олимпийн медальтнуудын хувьд онцгой түүхт жил тохиож байна. Энэ талаар таны сэтгэгдлийг сонсоё?


Тиймээ, Монгол Улс анхны олимпийн медальт тамирчидтай болсны түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байгаа. Үүнээс гадна Монгол Улсад боксын спорт үүсч, хөгжсөний түүхт 70 жилийн ой, Монголын боксчин “Сөүл-1988” олимпийн наадмаас анх удаа хүрэл медаль хүртсэний 30 жилийн ой, Монгол боксчин Э.Бадар-Ууган анх удаа олимпийн аварга болсон, мөн П.Сэрдамба олимпийн анхны мөнгөн медаль хүртсэний түүхт 10 жилийн ойнууд энэ онд давхцан тохиож байгаа баяртай түүхэн үйл явдал болж байна. Боксын спорт Монголд хөгжсөний түүхт 70 жилийн ойн хүрээнд "Улаанбаатар цом-2018" олон улсын боксын тэмцээнийг “Аса цирк”-т амжилттай зохиож буйд баяртай байгаагаа онцлоё. Олон жил үзээгүй энэ тэмцээнийг өнөөдөр ингээд үзэж байгаадаа баяртай байна. Би Монголын боксын түүхт 50 жилийн ой тохиож байсан 1998 онд яг энэ циркт боксын тэмцээн болж байсныг санаж байна. Одоогоос 20 жилийн өмнө Монголын боксын холбооны ерөнхийлөгч, Улаанбаатар хотын Захирагч асан Ж.Наранцацралт агсан тус тэмцээнийг зах зээлийн хүнд хэцүү үед амжилттай зохион байгуулсан юм. Тэр үед би холбооныхоо дэд ерөнхийлөгч байлаа. Тэгэхэд манай гавьяат дасгалжуулагч В.Батбаяр  багш маань урд хөршийн Хөх хотод мэргэжилтнээр ажиллаж байлаа. Би багшийгаа Монголын боксын түүхт 50 жилийн ойдоо Хөх хотоос урьж авчирч оролцуулж байсан юм.


-Улаанбаатарын энэ тэмцээн 1970-80-аад онд “Интернациональ” тэмцээн гэж нэртэй Куба, хуучин ЗХУ, Унгар гээд олон орны шилдэг боксчид ирдэг тэмцээн байж билээ. Энэ тухай?


-Би хүүхэд байх даа л энэ тэмцээнийг үзэж байлаа. Дараа нь өөрөө тамирчин болоод хүчээ сорьж аварга болж байлаа. Улаанбаатарын “Интернациональ” ОУТ-д олимп, дэлхийн аварга тамирчид ч ирж хүчээ сорьдог олон улсад танигдсан, том зэрэглэлийн тэмцээн байж билээ.  


-Таны боксын спортын ид оргил үед болсон олимп, ДАШТ-д тухайн үеийн улс төр, нийгмийн байдлаас болоод оролцож чадаагүй гэдэг?


-Миний оргил амжилтын үе 1983-1986 оны хооронд хэдхэн жил байсан гэдгийг би ч өөрөө, багш ч мэдэрч, ойлгож байсан. Харин тухайн үед 1984 оны олимп, 1986 оны ДАШТ хөрөнгөтөн оронд болсон учраас улс төрийн шалтгаанаар биднийг оролцуулаагүй. Тэр үед олон орны шилдэг боксчид намайг гол өрсөлдөгчөө гэж мэддэг байлаа.1984 оны Лос-Анжелосын олимпийн наадамд социалист орнууд нь бойкотлоод тамирчдаа оролцуулаагүй. Зөвхөн социалист орнууд нь тэр жил "Сайн санааны тоглолт" гэж спорт наадам хийсэн. Тэгээд социалист орнуудын боксчид "Найрамдал-84" олон улсын тэмцээнийг Кубад зохион явуулсан юм. Энэ тэмцээнд би олимпийн хошой аварга, дэлхийн гурван удаагийн аварга Анхель Эраретай аваргын төлөө тоглосон. Энэ тоглолтыг 16 мянган хүний суудалтай Кубын спортын ордныг пиг дүүргэсэн хүн үзэж байлаа. Тэнд бас, Кубын боксчдоо дэмжихээр Фидель Кастро ирж үзсэн. Тэгэхэд, Батбаяр багшийнхаа хэлснээр байгаа бүх бололцоогоо гаргаж би ялсан л гэж боддог. Тэгээд гурван раунд тоглоод л буландаа очиход багш маань миний хүү энэ том аваргыг чи ялсан. Гэхдээ чамд ялалтыг өгөхгүй байх. Энэ тамирчны сүүлийн удаа нутагтаа тоглосон зодог тайлалтын тоглолт нь юм байна. Тэгэхэд багшийнхаа хэлсэн энэ үгэнд их гайхаж билээ. Тэгээд л хажуугийн таван шүүгчийн гурав нь Эраред, хоёр нь надад оноо өгч 3:2 гэсэн онооны харьцаагаар ялагдаж мөнгөн медаль авсан. Хэрвээ энэ наадам олимп байсан бол би өнөөдөр олимпийн хос медальтан байх байлаа. Ер нь тухайн үеийн нийгмийн золиос болсон чөлөөт бөх, боксын тамирчин олон бий л дээ.


-Өөрөө нэлээд хожуу боксоор хичээллэснийг мэднэ. Анх боксын спорт руу Н.Нарантуяа /ОУХМ/ дагуулж орж ирсэн гэдэг. Гэхдээ өөрийг тань маш хурдан авьяас нь илэрсэн гэж багш нар их үнэлдэг байж билээ?.                


-Намайг анх олж харсан хүн Вандуйн Батбаяр /Монгол Улсын гавьяат дасгалжуулагч агсан/ багш юм. Миний сурч байсан 20 дугаар сургуулийн паралель 10 дугаар ангийн Нарантуяа найз маань нэг өдөр чи бокс их сонирхож үздэг. Нийгэмлэгийн АШТ-д сургуулийнхаа багт ороод тоглочих гэсэн. Тэгээд л анх удаагаа Замчин нийгэмлэгийн АШТ-д ороод түрүүлсэн. Үүндээ их урамшаад Барилгачин, Хоршоолол нийгэмлэгийн АШТ-д орлоо, тэгсэн хоёуланд нь түрүүлчихдэг юм байна. Тэгэхэд л Батбаяр багш намайг боксчин болох хүүхэд байна гэж ажигласан юм билээ. Би 10 дугаар ангиа төгсөж байлаа. ЗХУ-д Төмөр замын дээд сургуулийн ашиглалтын инженерийн ангид конкурс өгч тэнцчихээд Политехникийн дээд сургуулийн өмнө оноогоо хараад зогсож байхад Батбаяр багш ирээд, чи чинь хаашаа алга болчихдог хүүхэд вэ, чамайг Болгарт олон улсын нөхөрлөл тэмцээнд явуулахаар болсон. Одоо буудалдаа очиж байрлаж бэлтгэл хий гэж хэлсэн. Би ямар ч спортын зэрэггүй хүүхэд байлаа шүү дээ. Энд Чупров гэж хүнийг дурсахгүй байхын аргагүй. Чи өөрөө мэдэж байгаа. Бид нэг үеийн тамирчин, тэр үед энэ хүнээр боксын олон техник заалгасан. Тухайн үед шигшээ багт нэг орон тоо гарчихаад Ц.Нандигжав бид хоёрыг өрсөлдүүлээд Батбаяр багш намайг сонгож шигшээ багт авч байлаа. Миний анхны боксын А үсэг заасан багш бол гарцаа байхгүй Д.Баньди багш. Харин энэ хүний гар дээр би сар л хичээллэсэн. Батбаяр багш намайг үнэхээр амжилтанд хүргэсэн. Монголын боксын шигшээ багийг 1978-1992 он хүртэл удирдсан энэ агуу багш яг л миний аав шиг байж намайг боксчин болгосон хүн дээ.



-Батбаяр багшийн заах арга барил, зан чанар, байгуулсан гавьяа, хөдөлмөр зүтгэлийг нь манай боксчид маш өндөр үнэлж дурсдаг. Энэ тухай танд бас хэлэх үг байгаа даа?


-Байлгүй яахав. Батбаяр багш минь зөвхөн дасгалжуулагч төдийгүй агуу сурган хүмүүжүүлэгч байжээ гэж одоо боддог юм. Миний жинжав Л.Батбаяр болон Н.Нарантуяа гээд биднийг бүгдийг нь сургууль соёлд оруулаад, шигшээ багт аваад л, за хүүхдүүд минь спортын нас гэдэг маш богинохон байдаг юм шүү. Энэ үедээ л та нар байгаа бүх бололцоогоо дайчилж спортын амжилт гаргах ёстой. Харин дараа нь багш шавийн барилдлагаа бол насан туршид байдаг. Хүний залуу нас гэдэг богинохон, энэ үед л та нар бүх хүчээ шавхаж, дайчил гэсэн агуу сургаалаа хэлж, загнах үедээ загнаж, хийлгэх үедээ хийлгэсэн шиг хийлгэдэг байсан. Багш минь бидэнд спортын төдийгүй амьдралын ухааныг зааж өгч амьдралд хүргэсэн. Энэ хүний нэг онцлог гэвэл Алтай / МУГТ, Ази тивийн хошой аварга Х.Алтанхуяг/ багш биднийг ажилла, ажилла гээд л зааланд хашгираад байж байхад мешокны гинж др др др гээд л дуугарч байсан бол Батбаяр багшийг ороод ирэхэд гинж нь улам хүчтэйгээр дррррррр гээд дуугардаг. Тэгээд багшийг өрөөндөө ороход дуу нь сулраад л др др др дуугарна, харин өрөөнөөсөө гараад ирэхэд дахиад дрррррррр гээд л дуу нь чангардаг. Багш юу ч хэлээгүй байхад л тэр шүү дээ. Энэ хүн харцаараа биднийг удирдан жолоодож чаддаг үнэхээр увидастай хүн байжээ.


-Сөүлийн олимпийн наадамд өөрийг тань оролцуулахгүй гэсэн шийдвэр гарч байсан талаар дурсана уу?


-Тийм, намайг 1988 оны олимпийн наадам оролцуулахгүй гэсэн шийдвэрийг дээрээс гаргаж байлаа. Олимп болохоос сар хүрэхгүй хугацааны өмнө ийм шийдвэр гаргасанд их гайхдаг. Хэнийг явуулах гэж байсныг ёстой мэдэхгүй. Хэрвээ сорилт хийгээд ялагдвал би олимпод явахгүй байж болно гэж хэлсэн. Миний аав тэр үед Москвад МИАТ-ийн төлөөлөгч байсан болохоор би гэртээ ганцаараа байсан. Тэгээд л би сэтгэлээр унаад гэртээ очоод хэвтчихсэн. Тэр үед Батбаяр багш, би энэ хүүхдийг олон жил бэлдсэн. Энэ хүүхдийг явуулахгүй гэж байгаа бол би ч олимпод явахгүй гэсэн юм билээ. Тухайн үеийн БТСУХ-ны дарга байсан Дамдин гуай Батбаяр багш явахгүй бол боксынхон амжилт гаргахгүй гэдгийг мэдэж байсан учраас шууд л намайг явуулахаар болсон гэдэг. Тэгээд л Батбаяр багш, Алтанхуяг багш, Р.Отгонбаяр ах гурав манай байранд ирээд , "Чи олимпод явахаар болсон шүү" гэсэн бичиг хаалган доогуур шургуулж орхиод явсан байсан. Тэгээд л буцаж бэлтгэлдээ орж байлаа. Батбаяр багш тэгж л өөрийн ажил, амьдралаараа миний төлөº дэнчин тавьж байсан хүн дээ. Сөүлийн олимпод би 26 настай гэдэг бас л ахмад тамирчин болсон хойноо олимпийн хүрэл медаль хүртсэн хүн. Энэ олимпийн наадамд оролцсон тамирчдыг "алтан үе" гэж одоо ч хэлдэг. Сөүлийн олимпод Монголын найман боксчин хүч үзсэнээс С.Алтансүх, Н.Алтанхуяг бид гурав хүрэл медалийн төлөө тоглосноос хамгийн ахмад нь би байсан. Тухайн үед кино үйлдвэрээс нэг хүн архивт зураг авч үлдэхээр явсан боловч бидний тоглолтын бичлэгийг аваагүй юм билээ. Бөхчүүдийг л амжилт гаргана гэж үзсэн байх л даа. Харин миний шавь, одоо шигшээгийн дасгалжуулагч Д.Батсүрэн гурван жилийн өмнө Сөүлийн олимпийн музейгээс боксчдынхоо тоглолтын бүх бичлэгийг 500 ам.доллар төлж авчраад, зурагтаар гаргаж ард түмэндээ үзүүлсэн. Мөнгөн медалийн төлөө тоглоод ялагдахад, Батбаяр багш, миний хүү ялсаан гээд уйлахад нь багшийгаа үнэхээр өрөвдөж, биширсэн.


-Таныг спортын амжилтын ид оргил үедээ дэлхийд номер нэгд бичигдэж байсныг мэднэ. Энэ үеэ эргэн дурсана уу?


-Хүн ид сайн байх үедээ, өрсөлдөгчид нь жижигхэн харагддаг гэдэг, энэ үнэхээр үнэн. "Химийн цом", "Алтан бүс" олон улсын тэмцээнүүдийг тухайн үед бага ДАШТ гэдэг байлаа. Энд ЗХУ, Куба, Польш, АНУ-ын шигшээ баг ирж оролцдог байлаа. "Алтан бүс" тэмцээнээс би хоёр алт /1984, 1986/, нэг мөнгөн /1983/ медаль хүртсэн. Тухайн үед Кубын боксчид дэлхийд ноёлж байсан. 1983 онд 21 настай байхдаа "Химийн цом"-ын аваргын төлөө Кубын тамирчинг ялж энэ цомыг анх удаа эх орондоо авчирсан. Дараа нь 1985 онд тус тэмцээний аваргын төлөө Дэлхийн гурван удаагийн аварга, 1980 оны олимпийн хүрэл медальт, Кубын боксчин Адольф Ортатай тоглож мөнгөн медаль хүртсэн. Харин 1986 онд А.Ортаг медалиас мулталж, Дэлхийн цомын аварга, Германы боксчин Т.Кох зэрэг дэлхийн шилдгүүдийг ялж "Химийн цом"-ын хошой аварга болсон. Тэр жил "Алтан бүс"-ийн аваргын төлөө бас А.Ортатай тоглож 5:0-оор ялсан. Тэгэхэд сарын дараа буюу 1986 оны тавдугаар сард АНУ-ын Невада мужийн Рено хотод ДАШТ болох гэж байсан. Тухайн үед Монголын боксын холбооны даргаар С.Болд гуай ажиллаж байв. Энэ хүн биднийг ДАШТ-д явуулнаа гэж байсан. Яг тэр үеэр Майн баяр ч таарч, бас анх удаа монголчууд гурав хоног амарсан юм. Тэгээд хөрөнгөтөн оронд болж байгаа гэдгээр шалтаглаад л биднийг тэр ДАШТ-д явуулаагүй. Америкт болсон энэ ДАШТ-д сарын өмнө надад ялагдсан боксчид болох А.Орта түрүүлээд, Венесуэлийн Федразо мөнгө, Германы Т.Кох, Европын гурван удаагийн аварга, Болгарын Чупренский нар хүрэл медаль хүртсэн.


Энэ дашрамд нэг дурсамж яривал сонин болов уу. Ардын уран зохиолч С.Дашдооров гуай манайхтай хамт зусланд гардаг байсан. Түүний хань Итгэл эгч Английн өдөр тутмын Daily Mail сонинг надад авчирч өгч байсан юм. Тэр үед Итгэл эгч МОНЦАМЭ агентлагт ажиллаж байхдаа Англид мэргэжил дээшлүүлэх сургалтанд сурч байсан юм билээ. Тэр сонинд, Дэлхийн аварга болсон А.Орта, Азийн Монголоос Энхбат ирээгүй байна. Түүнийг ирсэн ч хожих байлаа. Би аварга боллоо гэж ярилцлага өгсөн байдаг. Энэ сонин ээжид минь байдаг байв. Би Ортатай арай залуудаа хоёр хожигдоод, дараа нь хоёр ялчихсан, яг хайнаа хагалах гэж байсан үе. Тухайн үед боксын ДАШТ нь олимпийн наадамтай адилхан дөрвөн жилд нэг удаа болдог байв. Энэ ДАШТ-д тухайн үеийн капиталист, социалист гэж хоёр хэсэг болсон дэлхий дахины улс төрийн нөхцөл байдлаас болж оролцоогүйдээ би өөрөө ч төдийгүй манай ард түмэн ч харамсдаг юм билээ.


-Боксын спортоор монголчуудаас олимпийн анхны медальтан, бас хотоос төрсөн анхны олимпийн медальтан гэдэг байхаа?


-Боксын спортын хувьд олимпийн  анхны медалийг эх орондоо авчирсан гэдгээрээ би үргэлж бахархдаг. Өмнө нь манай алдартай бөхчүүд олимпийн мөнгө, хүрэл олон медалийг эх орондоо авчирсан түүхтэй. Манай спортын нэртэй сэтгүүлчдийн нэг Р.Чулуун гуай Улаанбаатар хотын унаган хүүхэд олимпийн медальтан, боксын анхны хүрэл медалийн эзэн боллоо гэж бичсэнийг хожим нь би мэдсэн. Гэхдээ энэ амжилт ганцхан миний ч гавьяа биш. Манай боксын хамт олны, Батбаяр багшийн минь ухаан, хөлс, хүч шингэсэн. Намайг хурцалж өгсөн нэг жингийн тамирчид байна. Бидний үед гурван минутаар гурван /раунд/ үе нийт есөн минут тулалддаг байлаа. Тэгэхэд, багш намайг нэг минутанд нэг хүнтэй, есөн минутанд есөн тамирчинтай тоглуулна. Ийм оргил ачааллыг өгч байж л биднийг амжилтад хүргэсэн гэж боддог. Багш нэг минутанд зүрхний цохилт 216 болж байж ачаалал авах ёстой гэдэг байсан. Ингэж л өндөр ачаалалтай бэлтгэл хийлгэж л биднийг амжилт, ялалтад хүргэсэн.


-Бага насаа эргэн дурсвал?


-Аав, ээж хоёр Баянхонгор аймгийн Өлзийт сумынх. Тэд 10 жилийн нэг ангийнхан. Аав Ш.Нэргүй нисгэгч, ээж Б.Юндэн эмч. Аав маань Монголын иргэний агаарын тээврийн товчилсон МИАТ гэдэг нэрийг анх өгсөн юм билээ. МИАТ-ийн Москвад суусан анхны төлөөлөгч хүн. Бага нас Улаанбаатарын Төмөр замд өнгөрсөн. Миний ах Н.Энхбаатар 1978 онд намайг анх Д.Баньди багшийн секцэнд оруулж байлаа. Тухайн үед сонирхолгүй учраас орхисон. Ах маань аваарт ороод бокс тоглож чадаагүй. Хэрвээ тоглосон бол надаас ч илүү амжилт гаргах байсан болов уу. Бидний хүүхэд байхад 40, 50 мянгат, төмөр зам, комбинат гээд дош, дошоороо хүүхдүүдтэй гар зөрүүлэх үе байдаг л байлаа. Харин боксыг сонирхолгүй явж байгаад гэнэт л 10 дугаар ангидаа Нарантуяагийн ятгалгаар бокс руу орсон. Тэгээд л аав маань чамд одоо ийм хувь тохиолоо. Эх орондоо сургуульд ор гэсэн. Тэгээд МУИС-ийн Худалдааны эдийн засгийн ангид элсч орсон. Олимпийн наадамд оролцоно гэдэг тамирчин хүнд нэр хүндийн асуудал, шигшээ багт орно гэдэг ч том нэр хүнд. Би ямар ч спортын зэрэггүй, 17-хон насандаа Монгол Улсын шигшээ багийн гишүүн болсондоо их бахархдаг. Вандуйн Батбаяр багш, намайг Монголын төдийгүй дэлхийн шилдэг боксчин Равсалын Отгонбаяр ахын нэг жингийн өрсөлдөгч тамирчин болгож маш өндөр хариуцлага хүлээлгэж шигшээ багт авсан. Отгонбаяр ах надад маш их юм зааж, сургаж өгсөн дөө. Тэгээд нэг жингийн Д.Ганбаатар, Л.Батбаяр, Д.Аюур, Ш.Ганбаатар, Ц.Нандигжав, Н.Ганхуяг нарын олон шилдэг боксчид байна. Энэ нөхөд минь намайг хурцалсан. За тэгээд Г.Батбилэг, Х.Жамган, Т.Баттөр ах нартай ч тоглож байлаа. Нарантуяа бид хоёрыг шигшээ багт ороход тухайн үеийн шигшээ багийн ахлагч нь Жамган, тэгээд Отгонбаяр, Батбилэг, Эрдэнээ ах гээд маш сайхан хамт олон хүлээж авч зөв хүмүүжүүлсэн. Ер нь манай боксын хамт олон нэг нэгнийгээ гэмтээхгүй, бэртээхгүй, нэг нэгэндээ зааж зөвлөж ирсэн уламжлалтай. Биднийг бокст хөтөлж оруулсан Баньди, Алтанхуяг багш гээд олон хүнийг энд дурдахгүй байхын аргагүй. Өнөөдөр олимпийн аварга, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга болон медальтан олон арван  боксчдыг төрүүлсэн Д.Баньди, Х.Алтанхуяг, Б.Ганбат багш нар маань хөдөлмөрөө үнэлүүлж Ардын багш цол хүртсэнд баяртай байна.


-Сөүлийн олимпийн наадамд орохдоо жин их хассан байхаа. Ер нь тамирчин хүний ур чадвар тэмцээнээс тэмцээнд улам туршлагажиж амжилт нь ахидаг, гэхдээ тодорхой хугацаанд оргил амжилтандаа хүрдэг онцлогтой. Энэ талаар юу хэлэх вэ?


-1988 оны олимпоос эхэлж боксын тамирчдад дуулга өмсүүлсэн юм. Харин бээлий нимгэн байлаа. Мөн анх удаа хоёр ринг дээр тэмцээнийг зохион байгуулсан. Тэгээд боксын тэмцээн олимп эхэлсэн өдрөөс олимп дуустал хагас сар үргэлжилж тамирчин өдөр бүр жингээ үзүүлнэ. Би энэ олимпод 10 кг жин хассан. Ийм олон хоног жингээ барьж, хоолоо сойхоор хүн ядарч сульддаг юм билээ. Би үнэхээр сульдаад л ялагдсан. Миний ялагдсан германы тамирчин өмнө нь надад гурван ч удаа ялагдсан байсан юм. Олон улсын боксын холбоо /АIBA/-ны шүүгчийн зөвлөлийн дарга нь герман хүн байсан нь ч нөлөөлсөн. Би 17 наснаасаа 27 нас хүртлээ 10 жил бокс тоглосон. Манай боксын тамирчид бүгд тэмдэглэл хөтөлдөг уламжлалтай. Энэ хугацаанд бэлтгэл хийсэн болон тоглосон бүх тамирчдаа бичиж тэмдэглэсэн өдрийн тэмдэглэл маань одоо надад бий. Өдрийн тэмдэглэл таслахгүй хийж байхыг аав маань надад зөвлөсөн юм. Энэ 10 жилд Герман, Куба улсын тамирчидтай хамгийн олон тулалдсан бөгөөд тухайн үеийн Германы бүх аваргуудыг ялсан байдаг. Хоёр америктай тоглож хожсон. Тэр үед монголын боксчид гадаадад ямар тэмцээнд оролцсон тэр бүх тэмцээнээс би медаль хүртсэн. Харин ДАШТ-ээс медаль авах боломж гараагүй. Манай хүргэн ах Ц.Эрдэнэбатын аав Га.Цэрэндорж гэж хүн байсан. Энэ хүн БТСУХ-ны дэд дарга байхдаа намайг ямар ч амжилт гаргаагүй байхад 1982 оны Азийн наадамд оролцуулж байлаа. Батбаяр багш тэр жил ДАШТ-д Жамган ахын оронд намайг явуулах шийдвэр гаргасан. Энэ бүхнээс үзэхэд бага залуугаасаа том тэмцээнд оролцсон маань надад их зүйл өгсөн. Яагаад гэвэл, би тэмцээнээс тэмцээнд амжилтаа ахиулсан гэж боддог. Хожим нь Га.Цэрэндорж багш Монгол Улсын зууны манлай спортын эрдэмтэн, би зууны манлай боксчин болж билээ.


-Нэгэн үе боксын спортыг огт үнэлэхгүй, сахилгагүй, бүтэхгүй хүний хийдэг зүйл гэдэг ойлголт байсан. Энэ талаар юу хэлэх вэ?


-Монгол Улсын анхны аварга М.Сэр-Од гэж хүн байна. Энэ хүн төрийн сайд байсан. Уулын гэгддэг гавьяат багш Р.Зориг гуай /УИХ-ын гишүүн З.Алтайгийн аав/ байна анхны боксчин. Монголын боксын түүхийг сөхөөд үзэхэд 18 доктор, дөрвөн профессор боксчдоос төрсөн юм билээ. Зодоон гэдэг утгаар нь 1960-аад оны дундуур боксын спортыг хааж байлаа. Дашрамд сонирхуулахад, Их зохиолч С.Удвал гуай "Бокс гэдэг чинь эр хүний спорт, хөгжүүлэх нь зөв" гэж Төв хорооны нөхдөд гэж хэлснээр боксын спорт сэргэсэн гэдэг. Тэгээд боксыг Б.Олзот багш их зүтгэл гаргаж сэргээсэн түүхтэй. Зохиолч Д.Маам бокс тоглож байсан. Шинжлэх ухааны гавьяат ажилтнууд гэвэл Бүх ард түмний Ү спартакиадын аварга Р.Борхүү ах байна. Мөн Азийн мөнгөн медальт, хүн чулууны эрдэмтэн, доктор Довдойн Баяр агсан байна. Хөдөлмөрийн баатар Л.Сэрчиндорж гээд олон алдартай хүмүүс бий. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гээд олны танил олон хүмүүс боксчин байсан. Хүн толгой руугаа цохиулахаар тэнэг болдог гэсэн тийм л ойлголт тухайн үед байсан. Харин өнөөдөр энэ ойлголт огт өөр болж хүүхэд, залуус энэ спортыг хамгийн их сонирхож байна.


Бүх тамирчдад хамаатай нэг зүйлийг хэлмээр санагдлаа. Би олимпийн хүрэл медаль хүртчихээд 168 ам.доллараар шагнуулчихаад түүнийгээ хураалгаж байлаа.Сангийн сайд байсан Д.Цагаан үүнийг сонсчихоод, Энхбатаа ямар сонин юм? гэж байсан. Бид Их сургуулийн нэг үеийн оюутнууд. Тэгээд л Цагаан сайд тамирчдыг анх мөнгөн шагналтай болгож байлаа. Би чинь 10 жил спорт хөөгөөд орон байргүй л явж байв. Зах зээлд шилжээд л боксоо орхиж ганзагын наймаа хөөгөөд явж байхад Нийслэлийн Засаг дарга байсан Л.Энэбиш дарга намайг дуудаж, олимпийн медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан гэж үнэлж гурван өрөө байраар шагнасанд их баярлаж явдаг.


-Спортын талбарт хүч үзэж явахдаа чамгүй л булхайдуулж байсан биз. Ийм шударга бус байдлыг өөрчлөх бодол төрж байв уу?

 
-Төрсөн шүү. Би өөрөө олон удаа амжилтаа луйвардуулж хохирч явсан хүн. Шүүгчийн алдаанаас болж тамирчин хүн олон жилийн хөлс, хүч, хөдөлмөрөө үнэлүүлж чадахгүй үлддэг тохиолдол олон байдаг. Спортод өөрчлөлт хийх ёстой гэж зүрх сэтгэлээрээ ойлгосон. Тэгээд би эхлээд Азийн боксын холбооны шүүгч, дараа нь ОУСБХ-ны шүүгч, А зэрэглэлийн шүүгч болж байлаа.


-Та Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Холбооны тухайн үеийн үйл ажиллагаа болон өнөөгийн байдлын талаар юу хэлэх вэ?


-Москвад болсон 1989 оны ДАШТ-д би оролцоод хүрэл медалийн төлөө тоглоод ялагдсан. Тэгээд би 1992 он хүртэл Батбаяр багшийнхаа туслах дасгалжуулагч болсон. Батбаяр багш Японд дасгалжуулагчаар яваад Б.Ганбат /Хүч/ багш шигшээг дасгалжуулсан. Би бас Спорт сургалтын төвд 30 хүүхэд авч зургаан сар багшилж ч үзсэн. Тэр үед авдаг цалин хөлс гэж юу байлаа. Тэгээд л би амьдралаа бодъё гээд ганзагын наймаанд явж байлаа. 1996 онд гэнэт нэг өдөр Бумансахъя манайд ороод ирсэн. За Энхбатаа, чи Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгч боллоо гэсэн. Хэн ерөнхийлөгч юм гэсэн байхгүй гэж байна. Хэн намайг сонгосон юм гэлээ. Тэгсэн чинь би чамайг сонгож байна. Чи ямар албыг нь хашиж байгаа билээ гэж асуухад, би шигшээгийн дасгалжуулагч гэсэн. Ерөнхий нарийн бичгийн даргаар хэн ажиллаж байгаа юм гэхэд, би өөрөө гэв. Тэгэхэд нь би ийм байж болохгүй. Яг тэр үед Батбаяр багш Өвөрмонголд, холбооны нарийн бичгийн дарга байсан Отгонбаяр ах бурхан болчихсон байсан үе. Би өөрөө эхлээд хөл дээрээ босох хэрэгтэй байна, тэгээд туслая гэсэн. Сахъяа, одоо л тусла гэж байна. Тухайн үед холбооны валютын дансанд 25 ам.доллар байхгүй бол дансыг хаачихдаг байсан. Энэ дансанд нь 100 ам.доллар, төгрөгийн дансанд 50 мянган төгрөг хийлээ. Тэгээд л бидний үед тоглож байсан М.Золбоот /Даймонд ХХК-ийн захирал/-ыг холбооны ерөнхийлөгч болохыг санал болгосон. Тэр хоёр жил ерөнхийлөгчөөр ажилласан. Тэр үед бид холбооныхоо бодлогоо боловсруулсан. Золбоот боксын холбоондоо маш их зүйлийг хийсэн хүн. Гавьяат Н.Баярсайханыг холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажиллуулж, Сахъяад сургалт дасгалжуулалтыг нь хариуцуулсан. Золбоотын дараа тэр үед Улаанбаатар хотын захирагч байсан, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Наранцацралт агсан манай холбооны ерөнхийлөгч болсон. Энэ хүн Монголд боксын спортыг хөгжүүлэхэд юу хийж байсныг бид сайн мэднэ. 1998 онд Монголд боксын спорт хөгжөөд 50 жил боллоо гэж манай Д.Баяр ах бидэнд хэлснээр энэ түүхт ойг тэмдэглэсэн. Тэгээд бид Эрдэнэт явж УИХ-ын гишүүн агсан Ш.Отгонбилэг даргатай уулзаж дөрвөн олстой ринг гадаадаас анх авчирч нийслэлд Улсын циркт Олон улсын боксын тэмцээн зохиож байлаа. Наранцацралт дарга бүх тамирчиддаа ойн дурсгалын медаль, тэмдэг, цагнаас эхлээд олимп, дэлхийн медальтнуудад телевизор гардуулж байж билээ. Ашигт малтмалын газрын дарга байсан Жаргалсайхан гэж хүн манай бокст их тус хүргэсэн. Намайг АНУ явсаны дараа, Ж.Наранцацралт дарга УИХ-ын гишүүн болоод манай Н.Баярсайхан Ш.Сайхансамбууг /УИХ-ын гишүүн/ урьж авчирч Боксын холбооны ерөнхийлөгч болгосон юм. Монголд боксын спортыг хөгжүүлэх үйлсэд энэ хүн бас л үнэтэй хувь нэмэр оруулсан.



-Монголын боксчдын цаашдын амжилт, ирээдүйн хөгжлийн талаар юу хэлэх вэ?


-Намайг тамирчин байх үед /1983-1988 онд/ манай бокс бусад спортоос яах аргагүй тэргүүлсэн. Монголчууд бөхөө дээдэлдэг болохоороо л бокс ухраад байдаг болохоос биш бокс ямагт тэргүүн эгнээнд яваа спорт гэж л би боддог. Өнөөдөр манай боксчид олимпийн алт, мөнгөн медальтай, Дэлхийн аваргатай болсон. Энэ амжилтад өнөөгийн боксчид, багш дасгалжуулагчид болон бокст элэгтэй олон хүний хүч хөдөлмөр, зүтгэл шингэсэн. Онцлон хэлэхэд, Ардын багш Д.Баньди, Х.Алтанхуяг, гавьяат Г.Батбилэг,  холбооны ерөнхийлөгч асан Д.Цогбаатар нарын гавьяа, зүтгэл ч их. Мөн үе үеийн холбооны ерөнхийлөгч нарын гавьяа зүтгэл Монголын боксыг ийм өндөрлөгт хүргэсэн. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханы аав Мэндсайхан гэж хүн Монголын боксын холбооны ерөнхийлөгч байхдаа МБХ-г Азийн боксын холбоо, дараа нь ОУБХ /AIBA/-нд элсүүлсэн гавьяатай хүн. Би өөрөө үргэлж боксоороо овоглуулж, ажиллаж, амьдарч яваа хүн.

相关新闻