“Нормандын дөрвөл” уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-01 09:58:49

ВАШИНГТОН. /TASS/. Донбасст сонгууль явуулах боломж олгох хуулийн төслийг Украин зайлшгүй батлах тухай асуудал гуравдугаар сарын 3-нд Францын нийслэл Парис хотод хийхээр товлосон “Нормандын дөрвөл”-ийн /ОХУ, Герман, Франц болон Украин/ уулзалтаар хэлэлцэх гол сэдвүүдийн нэг болно.

Үүнийг Вашингтонд айлчилж байгаа Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер нотолжээ. Тэрбээр даваа гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн хамт хэвлэлийн бага хурал зохион байгуулсан байна.

Минскийн гэрээ нь Украины мөргөлдөөнийг зохицуулах цорын ганц хэрэгсэл гэж тэд үзэж байгаа болохыг Штайнмайер Украины удирдлагатай Киев хотод саяхан хийсэн хэлэлцээний үр дүнгээс иш татан мэдэгджээ.

Үүний зэрэгцээ “Украины зүүн нутагт сонгууль” явуулахад чиглэсэн хуулийн төслийг Дээд Рада зайлшгүй батлах зэрэг томоохон асуудлуудад “Нормандын дөрвөл” Парис хотод гол анхаарлаа хандуулна гэж Штайнмайер үргэлжлүүлэн ярьсан байна.

Д.Жаргал

 

 

相关新闻