Зүү ороосон гар урлал шилдгийн шилдгээр шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/.Есдүгээр сарын 28-29-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо 14 дэх удаагаа болсон "Говь фестиваль-2018" үзэсгэлэн худалдаанд нийт 24 аж ахуйн нэгж, 100 гаруй иргэд, бизнес эрхлэгчид оролцож өөрсдийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэв.
Бараа бүтээгдэхүүнийг 12 төрлөөр дүгнэж шалгаруулахад "Шилдэг сүү цагаан идээ" төрлөөр Баяндалай сумын Д.Болортуяа, "Шилдэг газар тариалангийн бүтээгдэхүүн"-ээр Манлай сумын Ж.Цогзолмаа, "Гар урлалын шилдэг бүтээгдэхүүн"-ээр Баяндалай сумын Г.Болормаа, "Өрхийн шилдэг үйлдвэрлэгч"-ээр Гурвантэс сумын н.Отгонсүх, "Шилдэг газар тариалан эрхлэгч"-ээр Даланзадгад сумын Н.Уранчимэг, "Шилдэг сүү цагаан идээ үйлдвэрлэгч"-ээр Ханхонгор сумын "Нандин дуулга" хоршоо шалгарсан бол Номгон сумын "Баян Төхөм" бүлэг, хамгийн зохион байгуулалттай оролцсон нэгжээр, Цогтцэций сумын "Болор сор" ХХК оёдлын шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр, Даланзадгад сумын "Өнөд өвлөх урлахуй" ХХК, шилдэг маркетингтай бизнес эрхлэгчээр, Уран зураг, уран баримлын холбоо хамгийн зохион байгуулалттай оролцсон холбоогоор, "Хамгийн зохион байгуулалттай оролцсон сум"-аар Баян-Овоо сум тус тус шалгарав.
Энэ жилийн "Говь фестиваль-2018" үзэсгэлэн худалдааны шилдгийн шилдэг гранпри шагналын эзнээр Даланзадгад сумын н.Цэцэгдэлгэр зүү ороох оёдлын гар урлал шалгарч бусдыгаа манайлсан байна.
Говь нутгаас шилдэг брэнд бүтээгдэхүүн гаргах, үйлдвэрлэг,ч хэрэглэгч хоёрыг ойртуулах, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах зорилго бүхий уг үзэсгэлэн худалдаанаас "Өнөд өвлөх урлахуй" ХХК-ийн "Хөмүүлийн цуу", "Галтууд" ХХК-ийн "Хармагтай шүүс" гэсэн шинэ бүтээгдэхүүн хэрэглэгчдийн сонирхлыг нь татаж байсан юм.
Б.Мишигсүрэн