“Буэнос-Айрес-2018” олимпийн наадамд оролцох баг тамирчдад хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-09-28 13:51:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Буэнос-Айрес-2018” Залуучуудын III олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр МҮОХ-ны Хурлын танхимд боллоо.

Залуучуудын олимпийн III наадам 10 дугаар сарын 6-18-ны өдөр Аргентины Буэнос-Айрес хотноо болох бөгөөд энэ удаагийн наадамд 206 орны 4600 гаруй тамирчид 32 спортын төрлөөр 241 багц медалийн төлөө өрсөлдөнө. Наадамд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнд 11 тамирчин, 9 дасгалжуулагч албаны хүмүүс, нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй 6 спортын төрөлд /чөлөөт бөх, буудлага, хүндийн өргөлт, жүдо, таэквондо, 3х3 сагсан бөмбөг эрэгтэй баг/ оролцохоор бэлтгэлээ базаасан.



 

Тус наадамд оролцох Монголын баг тамирчдын ахлагчаар Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа ажиллана. Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслолд БСШУСЯ-ны Биеийн тамир спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, МҮОХ-ны зөвлөх Ж.Отгонцагаан тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. Мөн баг тамирчдын хувцсыг ивээн тэтгэсэн “JOMA компанийн төлөөлөгч, “Дэрэн-Наран” компанийн захирал Г.Мөнхчулуун оролцож тамирчдад амжилт хүслээ.




Буэнос-Айрес хотыг зорих жүдогийн тамирчин Г.Тэмүүжин, чөлөөт бөхийн тамирчин Б.Энхзул, буудлагын дасгалжуулагч Ж.Ганхуяг нар Монголын баг тамирчид, дасгалжуулагчдынхаа өмнөөс тангараг өргөсөн юм. Энэ үеэр БСШУСЯ-ны Биеийн тамир спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг, Монголын багийн ахлагч Ч.Амарсанаад Монгол Улсын Төрийн далбааг гардуулсан бөгөөд тэрбээр багийн тугч 3х3 сагсанбөмбөгийн тамирчин Б.Алтангэрэлд энэхүү хүндтэй тугийг гардуулан өгөв.

相关新闻