Дуучин Б.Цогтдэлгэр урлагт зүтгэсэн 30 жилд зориулсан тоглолтоо хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. “The Voice Of Mongolia" шоунд "Түүнд би хайртай байсан" дуугаараа оролцсон дуучин Б.Цогтдэлгэр энэхүү дуугаараа нэрлэсэн тоглолтоо үзэгч, сонсогчдод ирэх сарын 05-нд "АСА" циркийн тайзнаа толилуулна.
Энэ удаагийн тоглолт нь түүний урлагт зүтгэсэн 30 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт гэдгээрээ онцлогтой.
Тоглолтод тэрбээр өөрийн анхны дуулсан "Түүнд би хайртай байсан", "Хол нар", "Алдаж онодог заяа", "Мөрөөдөл" зэрэг дуугаа дуулахаас гадна ард түмний сонсох дуртай дурсамжит дуу уран бүтээлүүдийг толилуулах юм. Тоглолтод МУГЖ Ж.Алтанцэцэг, СТА П.Хэрлэн, УДБЭТ-ын голцлол дуучин Г.Энхнаран, "Universe Best Songs-2016" наадмын Гран при шагналт дуучин Ц.Шинэбаяр, "My Voice" наадмын Гран при шагналт Э.Хосбаяр, дуучин Т.Цогсогмаа, "Goodboys", "Нисванис", "Сүнс", "Out Law" хамтлаг ая дуугаа өргөх аж.
Тэрбээр анх Эрдэнэт хотын "Уурхайчин" Соёлын ордны дэргэдэх дуу хөгжмийн "Кумо" хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлж, 1991 онд СУИС-д Дуурийн дуулаачийн мэргэжлээр суралцаж, 1993 онд Монголын рок попын XX зууны манлай "Соёл-Эрдэнэ" хамтлагт гоцлол дуучнаар ажиллаж байв. Тус хамтлагт дуулсан он жилүүдийн дараа бие даасан уран бүтээлээ эхлүүлж, дуугаа дуулахын зэрэгцээ 100 гаруй дууны бүтээл туурвиж хөгжмийн зохиолчийн хэмжээнд үнэлэгдэх олон дуу зохиож, дуунуудыг нь Монголын рок поп, сонгодог, нийтийн урлагийн олон ч дуучид дуулж, амилуулсаар байна.
Дуучин Б.Цогтдэлгэр 1997 онд УДБЭТ-т "Хол нар" анхны тоглолтоо хийсэн бол 2005 онд Монгол Улсын Морин хуурын чуулгатай "Хайраа би" тоглолт, 2007 онд Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн оркестртой хамтран "Мөнх тэнгэрийн нутаг" тоглолт, 2008 онд "Түүнд би хайртай байсан" тоглолтоо тус тус толилуулжээ.