Улаанбаатарт пауэрлифтингийн мастеруудын ДАШТ ирэх сард болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголд анх удаа пауэрлифтингийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх 10 дугаар сарын 01-06-нд зохион байгуулна.
Энэхүү 36 дахь удаагийн ДАШТ-ийг Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо эх орондоо зохион байгуулах ажилдаа идэвхийлэн оржээ. Пауэрлифтингийн спорт бол хүчний гурван төрөлт спорт юм. Тамирчны гол зорилт нь штангтай суулт, цээжнээс шахалт, үндсэн таталт гэсэн гурван төрлийн өргөлтөөр тус тус гурван удаагийн оролдлого хийж хамгийн хүнд жинг өргөхөд оршдог.
Пауэрлифтингийн спорт нь Стронгмэн тэмцээнтэй төрөл нэг бөгөөд эрт үеэс энэ тэмцээнийг хийж ирсэн хүч тамирын спортоос үүдэлтэй. Тэмцээнд, тамирчид нь өмсгөлтэй эсвэл өмсгөлгүй өргөлтүүдийг гүйцэтгэж болдог. Энэ нь тухайн тэмцээний зохион байгуулж байгаа холбооны журмаас хамаардаг байна.
Өмсгөл гэдэгт шахалтын цамц эсвэл суулт/таталтын өмсгөлтэй өрсөлдөх төрлийг хэлдэг. Пауэрлифтингийн тэмцээнүүд нь дэлхийд өргөн хүрээнд зохион байгуулдаг ч том тэмцээнүүд нь АНУ, Канад, Их Британи, Исланд, Египет, Швед, Финланд, ОХУ, Украин зэрэг улсад зохион байгуулдаг. 1984 оноос пауэрлифтинг нь Паралимпийн наадмын хөтөлбөрт албан ёсоор (зөвхөн цээжнээс шахалт) багтан орсон юм. Улмаар Олон улсын пауэрлифтингийн холбооны дор болон дэлхийн тоглолтын төрөлд хамаардаг.
Манай улсаас гавьяат тамирчин Э.Содномпилжээ “Рио-2016” паралимпийн наадмын пауэрлифтингийн төрөлд хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн билээ. Тэрбээр саяхан Японд болсон Ази Номхон далайн орнуудын пара пауэрлифтингийн тэмцээнд түрүүлэхийн зэрэгцээ Азид өөрийн тогтоосон дээд амжилтаа шинэчилж чадлаа.
Энэ удаагийн Улаанбаатарт болох ДАШТ-д дэлхийн 26 улсын баг тамирчид өрсөлдөнө. Харин манай улсаас 27 тамирчин өрсөлдөхөөр бэлтгэлдээ гарчээ. Пауэрлифтингийн спорт нь хэрэглэл тоног төхөөрөмжийг өндөр түвшинд шаарддаг зардал өндөртэй спортын төрөл юм.
МПНХ-ноос ДАШТ-д хэрэглэх дэлхийд тэргүүлэх Bull брэндийн тоног төхөөрөмжийг захиалан эх орондоо авчраад байна. Энэ онд Монголын пауэрлифтингийн баг тамирчид ДАШТ, ДЗАШТ, Ази тивийн АШТ-ээс 20 гаруй медалийг хүртээд байгаагаас насанд хүрэгчдийн ДАШТ-ээс 120 кг-д Б.Цэрэнчимэд, пара пауэрлифтингийн ДАШТ-ий 105 кг-д гавьяат тамирчин Дэлхийн аварга Э.Содномпилжээ алтан медалийн эзэд болсон байна.