Олон арван алдартнуудыг төрүүлсэн “Их шавь” спорт сургалтын төв шинэ байртай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-09-27 17:49:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Макүүчи буюу дээд зиндаанд 41 дэх түрүү, Макүүчид 1001 даваа авсан, Их аварга болоод 800 дахь даваа гээд олон шинэ дээд амжилт тогтоосон Аки башёгийн дараа эх орондоо ирээд байгаа юм.


Бурханы орныг зорьсон хайрт аавдаа амжилт ялалтаар бэлэг барьсан хүү Даваажаргал Дархан аварга, олимп, дэлхийн медальтан, Монголын ард түмний хайртай бөх Жигжидийн Мөнхбат аавынхаа үүсгэн байгуулсан бөхийн сургуулийн шинэ байрны нээлтийн ёслолд оролцлоо. “Их шавь” Биеийн тамирын дээд сургуулиас Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Э.Бадар-Ууган, Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр зэрэг олон арван алдартнууд төрөн гарсан билээ.




Өнөө цагийн Монголын хүчит бөхчүүд, агуу тамирчдыг сурган хүмүүжүүлж бөхийн эрдэм, ухаан, хүч бярыг цогцлоож өгсөн их сургалтын уурхай болсон “Их шавь” дэвжээ өнөөдрөөс эхлэн шинэ байртай, шинэ үйл ажиллагаатай болж өргөжин тэлж байна.

Дархан аварга Жигжидийн Мөнхбатын үүсгэн байгуулсан “Их шавь” спорт сургалтын төвийн шинэ байрны нээлтэд Ардын багш Ч.Дамдиншарав тэргүүтэй үе үеийн олимпийн медальтнууд, үндэсний бөхийн аваргууд, жүдо, самбо, чөлөөт бөхийн холбоод, тус сургуулийн төгсөгчид болох спортын алдартнууд оролцож, хүндэтгэл илэрхийллээ.

相关新闻