Замын уулзварууд дээр агаар цэвэршүүлэх төхөөрөмж байрлуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМШИНЭ ДЕЛИ. /Xinhua/. Агаарын бохирдлын
хэмжээ түгшүүрийн түвшинд хүрсэн Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотын хамгийн их
хөдөлгөөнтэй хоёр уулзварт агаар цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулсан байна.
“WAYU” нэртэй уг төхөөрөмж
нь агаарын бохирдлын хэмжээг мөн хянах бөгөөд түүнийг олон нийтэд танилцуулах
арга хэмжээнд тус улсын Байгаль орчны сайд Харш Вардхан оролцжээ.
Ирэх 10 дугаар сарын 15 гэхэд Дели даяарх замын уулзаруудад ийм төрлийн 54
төхөөрөмж суурилуулахаар төлөвлөөд байгаа юм. Тус хотын агаарын бохирдлын хэмжээ
бусад хотуудаасаа харьцангуй өндөр байдаг бөгөөд өвлийн улиралд улам ихэсдэг
байна.
Энэтхэгийн Шинжлэх ухаан, аж үйлдвэрийн зөвлөл болон Байгаль орчны инженерчлэлийн үндэсний судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид хамтран энэхүү төхөөрөмжийг зохион бүтээжээ.
“WAYU” төхөөрөмж нь нэг сэнс болон агаарыг сорж, бохир элементийг цэвэрлэх цэвэршүүлэгчээс бүрддэг бөгөөд 10
цаг ажиллахад хагас нэгж цахилгаан зарцуулдаг байна. Ингэснээр сард 1500 рупи буюу 21
орчим ам.долларын зардал гаргана хэмээн тооцоолж байгаа аж.
“Бид 10 мянган
хавтгай дөрвөлжин метр талбайн агаарыг цэвэршүүлэх хүчин чадалтай “WAYU” төхөөрөмжийн томруулсан
хувилбарыг бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд тэдгээр төхөөрөмжүүдийг илүү
үзэмжтэй байхаар бүтээж, автобусны буудлууд зэрэг газруудад байрлуулах юм” гэж
Х.Вардхан тэмдэглэжээ.
Э.Хулан