Жүдогийн 2018 оны ДАШТ-ий + 100 кг-ын шигшээ барилдаанд Ө.Дүүрэнбаяр хүч үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Азербайжаны Баку хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн(ДАШТ)-ий зургаа дахь өдөр эрэгтэйчүүдийн +100 кг-д ОУХМ Ө.Дүүрэнбаяр Японы бөхийг ялж, хагас шигшээд хүч үзэхээр болов.
Өнөөдөр орой ОУХМ Ө.Дүүрэнбаяр 2017 оны Европын аварга Гүржийн бөх Гурам Тушишвилитэй мөнгөн медалийн төлөө барилдана. Тэрбээр, өнөөдөр “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт Японы бөх Хисаоши Харасаваг цаг дуусахаас 28 секундын өмнө цэвэр ялсан юм.
Энэ жинд барилдсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр Киргиз улсын жүдоч болон БНХАУ-ын бөхийг ялсан ч Чехийн Лукаст ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ. Мөн эмэгтэйчүүдийн +78 кг-д барилдсан Б.Мөнхтуяа эхний барилдаандаа Германы бөхөд ялагдсан юм.
Энэ өдөр манай гурван бөх дэвжээнд гарсан ч Ө.Дүүрэнбаяр медалийн төлөө өрсөлдөх эрхийг авлаа. Финалын барилдаан Улаанбаатарын цагаар орой 20 цагаас эхэлнэ.
Дашрамд дуулгахад, Азербайжан улсад
төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдрийн
тэмцээнийг үзэж байгаа юм.