М.Мянганбуу: Ураг удмын судраа бүтээх нь эрэн сурвалжлах ажил байдаг юм байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/.
-Та олон жил төр засгийн хариуцлагатай алба хашиж ирсэн. Чөлөө завгүй шахам ажлынхаа хажуугаар ургийн бичгийн номоо бүтээж, хэвлүүлэх санаа хэзээ төрөв?
-Манайхны ураг удмын улс одоогийн Баянхонгор аймгийн Баянбулаг суманд Олон бүлтийнхэн гэж нутаг усандаа нэршсэн хориод хүүхэдтэй айл байсан. Нэг арав нь ийшээ суу, нөгөө арав нь тийшээ суу гэж байгаад л хооллож ундалдаг байж. Нэг зун нутаг сэлгэж л дээ. Ойрхоон газар буурь сэлгэчихээд унд цай болсон юм байх. Тэгсэн хоёр аяга илүү гараад байхаар нь зарим хүүхдээ байхгүй байгааг анзаарч гэнэ. За шувуу тоншчихов уу яав ийв болоод ирсэн замаараа хайж явсаар олоход хуучин гэрийн буурин дээрээ шалдан тоглож суусан гэдэг.
Одоогийн цэцэрлэгийн анги шиг журнал хөтөлнө гэх юм байхгүй болохоор тэгэж л аягаар бүртгэдэг байж. Тухайн үед 10 гаруй хүүхэдтэй айл зөндөө л байсан байгаа юм. Тэд ярихдаа, за ямар олон бүлтийнхэн шиг тоо томшгүй олуул биш, бас ч гэж учиртай гэдэг байсан байгаа юм шүү. Энэ түүхийг би нэлээд хожуу сонссон л доо.
2000 онд манай ээжийн
төрсөн ах Жамъяаны Магван гэж өндөр настай хүн бие муудаад, хүүхдүүдээ болон
бидний хэдэн ах дүүсийг тойруулж суулгаж байгаад дээрх түүхийг хэлж өгсөн юм.
Бие нь их дордсон байсан болохоор илүү ч олон юм асууж амжаагүй, ярьж хэлснийг
нь сурагч дэвтрийн тал хуудсанд таталган бичиж аваад үлдсэн. Тухайн үеэс л ураг
удмаа судалъя, олъё гэсэн сэдэл төрсөн.
-Ургийн судраа ямар эх
сурвалжид үндэслэн, хэдий хэрийн хугацаанд бүтээсэн бол?
-2000 оноос хойш найман жилийн хугацаанд уулзаж таарсан хамаатан садан, нутаг усныхнаасаа ураг удмынхаа талаар асуухыг нь асууж, тэмдэглэхийг тэмдэглэж ирсэн. 2008 онд тэтгэвэртээ гараад л энэ хүртэл зүтгэлээ. Олон бүлтийн ураг удмынхны дээжис оршвой гэж судар. Энэ бол үндсэндээ 20 шахам жилийн хөдөлмөрийн үр дүнд бий боллоо.
Судраа эхлүүлэхэд Олон бүлтийн 20 хүүхдээс олонх нь бурхнаад зорьсон, эх сурвалж болоод ийм тийм гээд яриад өгөх хүн тун ховор болчихсон байсан үе юм. Уулзсан ганц хоёр хүнээсээ яриан дундаас яриа ойлгож, үгэн дундаас нь үг унагаж бичиж тэмдэглэж ирсэн. 14 бүлэг хүний эрэл хийсэн гэсэн үг.
Судраа бүтээхдээ аман эх сурвалж, архивын баримт бичигт тулгаарласан. Сэжүүр гаргасан зүйлсээ судалж дэлгэрүүлэхэд маш их цаг зав, хүч хөдөлмөр шаардаж байсан болохоор Улаанбаатар хотод амьдардаг ах Балжинням, дүү Даваасамбуу, Жадамбаа нарыгаа татан оролцуулж, Улсын архивын газарт хэдэн сараар суулгасан.
Иргэний бүртгэлийн газраар ч зөндөө явуулсан. Би эндээ байгаа аман эх сурвалжаас мэдээлэл цуглуулъя, та хэд архивын холбогдох материалуудыг эмхэтгэ гээд хэдэн талд ажил өрнүүлсэн дээ. Эндээс миний хэлснийг тэнд магадлан бататгах гэж лавтай дөрвөн сарын ажил болсон байх.
Тал хугацаанд
нь, хуучин монгол бичгийн эх сурвалжийг ашиглахаар монгол бичигт гаргууд хүнийг
хөлсөлж ажиллуулж байлаа. Бид хэдийг бол ураг удмын судрын зохиогчийн баг аа
гэж хэлж болох нь. Хүний эрэл гэдэг чинь их ярвигтай ажил байна лээ, далайн
ёроолоос сувд шүүрэхтэй адил. Эрлээ олох тусам илүү ихийг мэдэх, цуглуулах санаа
сэдэл төрнө.
-Хэдэн үеэ судалж, “илрүүлэв”?
-Олон бүлт гэх ураг удмынхны эцэг нь Даваа гэж хүн байсан байгаа юм.
Түүнээс хойшхи үеийг бол дээрх маягаар бүрдүүлсэн. Харин ард нь гармагцаа бид
хэд ярилцаад өшөө хоёр үе урагшлуулъя гээд ахиад л ажил ундруулсан. Эхнээсээ
яаж явсан, яг тэр зарчмаараа ахиж төнхсөөр ард нь гарсан. Ингээд бид 1730-аад
оноос хойшхи 300 шахам жилийн доторх ураг удмын бүх улсаа ургийн судартаа
багтааж, судран суварга босгоод байна.
-Их ажил болсон байна
шүү?
-Би бол дандаа л дуу бичлэгийн аппарат, гэрэл зургийн аппарат, өврийн дэвтэр, бэлэн үзэг балтай явж ирсэн. Ярилцахтай нь ярилцаж, байхгүйнх нь талаар яриулж, ярилцлага, дурсамж гээд ямар нэгэн бичвэр болгоод комьпютерт шивж, хадгална. Нас 70 гарсан хүнд амаргүй ажил байгаа биз /инээв/
Ёстой хонгоныхоо махыг барж, чөмгөө дундартал зүтгэсэн гэдэг шиг юм
болсныг одоо нуугаад яахав. Нүдний даралт ихэсч, ядаргаа ихдэж тал саажилт
хүртэл өгсөн. Ийм л он цаг, өдөр хоногуудын ард энэхүү бүтээлээ хараад суухад
хэдэн насаар залуужих шиг болох юм. Хойч үед минь хэчнээн үнэт өв, оюуны бүтээл
очиж байна вэ гэхээр. Хэрэв л би, бидний үе зориглож хийгээгүй бол
дараагийн үе маань үүнийг хийж гүйцэхгүй байсан. Мэдэх үе нь цагийн жамд
гүйцэгдсэн, мэддэгийн дараагийн бид нь унаад өгвөл ямар эх сурвалж, үндэс улбаа
олох вэ дээ.
-Судрынхаа талаар дэлгэрүүлбэл?
-35х18 см харьцаатай, 700 хуудастайгаар судрын маягаар бүтээсэн. 830 өрхийн
3700 орчим хүн багтсан, мэдээлэл орсон гэсэн үг. Угаасаа ч бид үүнийгээ ургийн
алтан судар гэж нэрлэж байгаа. Намтар, ажил мэргэжил, гавьяа шагнал, цол
гуншин, ярилцлага дурсамж цөм багтсан. Манай ураг удмынхнаас гадна хүргэн,
бэрүүдийг тэгш оруулсан. Монголчууд ярьдаг шүү дээ. Хаднаас гарч, цэцэгнээс
дэлгэрсэн биш гэж. Тэгэхээр хүргэнгүйгээр, бэргүйгээр манай ураг удам өсч, үргэлжлэх
боломжгүй учир ургийн судартаа ижил багтаасан хэрэг.
-Баянхонгор аймагт таны
бүтээл шиг өөр ном товхимол байх юм уу. Судалгаа хийж үзсэн үү.
-Бусдын ургийн бичиг сэлтийг үзэж харж байсан. Баянбулаг сумын хувьд ураг
удмын түүхээ баригтагласан хоёр дахь бүл манайх болж байгаа. Бидний бүтээлийн
ялгарах онцлог нь цэвэр эрэл сурлын дүнд боссон зүйл. Ер нь ураг удмын
судраа бүтээж мөнхжүүлнэ гэдэг чинь цэвэр эрэн сурвалжлагын ажил байдаг юм байна.
Одоо бидний ач зээ нар тус судрыг нээхэд л дээшхи 8, 9 үеэ бүрэн мэдэж авах
боломжтой болж байгаа юм. Ураг удмынхан дотор маань төрөл бүрийн ажил
мэргэжилтэй хүмүүс байгаа, янз янзын цаг үед амьдарч байсан улс гэхээр тухайн
үеийнх нь нутаг орны аж байдал зэрэг ч давхар харагдана.
-Ингэхэд Ургийн бичиг,
Угийн бичиг гэх хоёр ойлголт зэрэгцээд яваад байдаг. Аль нь ямар утгатай болох,
алинаар нь бичих нь зөв талаар?
-Угийн бичиг, ургийн бичиг, ургийн шастир аль нь ч ураг удмын түүхийг илтгэх учир төдийлөн ялгаагүй. Нэлээд дээхнэ бол гэрийн түүх ч гэж нэрлэдэг байж. Жишээ нь, Монголын нууц товчоо гэхэд л тухайн цаг үедээ нууц л байсан байхгүй юу. Монголын хаадын үе уламжилсан түүхийг бичихийн зэрэгцээ, ураг удмынх нь том намтар шүү дээ.
Он
цаг улирч, хэдэн зуун жилийн дараа гэхэд ил товчоо болж өнөө бид уншиж судалж
байна шүү дээ. Тэгэхээр ураг удмын түүх ямартаа ч тухайн цаг үедээ нууц байдалд
байдаг байх нь байна шүү. Үе дамжиж ирсэн бурхны судраас гадна, удам
угсаагаа мэдэх бас нэг судар нэмэгдлээ гэж манай бүл баяр, бахдал дүүрэн
байгаа.
-Одоо цагт ургийн бичиг
хөтлөх гэхээсээ илүү хэдэн жилдээ нэг удаа ургийн баяр хийчихдэг байдал хэвшил
болж байх шиг. Энэ тал дээр таны бодол?
-Ургийн баяр гээд цөөн хэд хоног пижигнээд л өнгөрдөг шиг, үлдэц багатай.
Харин ургийн судраа бүтээнэ гэдэг юм үлдэх юм, өв юм.
-Ургийн судар бүтээхэд
хүндрэлтэй зүйл нь юу байв?
-Дийлэнх хүмүүс ураг удмын судрын талаар ойлголт мэдээлэл муу байдаг ч юм
уу, хойрго байдаг шиг. Намтар, зургаа явуулаач гээд өчнөөн хүлээлгэнэ, хэд хэд
шаардуулна. Тэр болгонтой утсаар холбогдож, дуу хураагчинд яриаг нь буулгаж
аваад өөрөө сийрүүлэх хэрэг гардаг. Энэхүү судрын маань 80 шахам хувь нь дээрх
маягаар буусан шүү. Тэгэхээр бас тэвчээр, тууштай байдал шалгасан ажил байгаа
биз.
-Ер нь алив хүн ургийн
бичгийг хөтлөх нь ямар ач тустайг та л оновчтой хэлнэ дээ.
-Үр хүүхдүүддээ судар болгон үлдээж байгаагаас гадна бурхан болооч өвөг дээдсийнхээ дурсгалд зориулж номон суварга босгож байгаа гэсэн үг. Нас дээр гарсан, бие хаа ч залуугийнх шиг байхаа больсон цаг үед энэ ажлаа эхлүүлж байсан болохоор манай дүү Даваасамбуу /ургийн судрын редактор/, за та минь өвдөж болохгүй шүү, үхэж болохгүй шүү гэх тушаал өгч, намайг хурцалж, зоригжуулж байлаа. Аль болох эрт л эхлээрэй хүүхдүүд ээ.
“Ураг удмын судраа 400 хувь хэвлэж, садан төрөлдөө л хадгалуулсан нь учиртай. Ураг удмын түүх үүрд биш юм аа гэхэд тодорхой хугацаанд нууц байх ёстой” гэж тэр хэлсэн. Нас 80 дөхсөн ч хүч чадал, өргөн мэдлэг, нягт нямбай байдал үг хэл, байр mөрхөөс нь хором бүрт мэдрэгдэнэ.
-Ургийн судар бүтээнэ гэдэг нэг л өдөр барьж аваад суучихдаг эд биш
болохоор. Ямар өнцгөөс, хаанаас эхэлж ажиллах нь тухайн хүний сонголт. Миний
хувиас зөвлөхөд, одооноос өвөө эмээ, эцэг эхээ байгаа дээр нь ураг удмын
түүхийг нь яриулж, бичиж тэмдэглэж байх хэрэгтэй. Үг бүрийг шүү. Өөрийн гараар,
цагаан дээр хараар буулгах шиг сайхан юм байхгүй. Зураг сэлтийг нь файл болгоод
хадгалчих хэрэгтэй. Тэгээд л эрэн сурвалжлах ажлаа эхэлнэ шүү дээ.
-Анхаарах зүйл юу байдаг
бол?
-Энэ хугацаанд олон хүнтэй уулзаж ярилцахад аавынхаа ээжийг, ээжийнхээ ээжийг, өвөөгийнхөө ээжийг, эмээгийнхээ ээжийг мэдэхгүй байна. Ер нь ураг удмын сударт аавын талаа барихаас ээж талыг орхигдуулдаг байх шиг анзаарагдсан шүү. Ясан төрлөө голлолоо гэхэд цусан /ээжийн/ төрлөө бас заавал оруулж өгөх хэрэгтэй.
Б.Мөнхзул