"Шагайн тойром"-д Төв аймгийнхан тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Шагайн харвааны холбооны тэргүүн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшингийн санаачилга, аймгийн ИТХ-ын шийдвэрээр “Ламын гэгээний их тойром” 1000 харваачийн чуулган, шагайн харваа Баянхонгор хотноо боллоо.
Нийт 21 сая төгрөгийн шагналын сантай шагайн тойромд эх орны өнцөг булан бүрээс ирсэн 96 багийн харваачид цэц мэргэнээ сориход чавх харваанд тэргүүн байрт н.Ганчулуун ахлагчтай Улаанбаатар хотын баг, багийн хуруугаар харвах харвааны төрөлд н.Түмэннасан ахлагчтай Төв аймгийн баг тамирчид шалгарав.
Тэргүүн байрт шалгарсан баг, тамирчдыг найман сая, хоёрдугаар байрт шалгарсан баг, тамирчдыг зургаан сая, гуравдугаар байр эзэлсэн баг, тамирчдыг дөрвөн сая, дөрөв, тав, зургадугаар байрт шалгарсан баг, тамирчдыг тус бүр нэг сая төгрөгөөр шагнаж урамшуулжээ.
Зохион байгуулагч болох Баянхонгор аймгаас 54 баг энэ удаагийн тойромд оролцжээ. Нэг баг найман харваачтай оролцож, монголын шагайн харваан харвааны дүрмийн дагуу зургаан тоогоор тоглосон байна.
Хамрагдаж буй багийн тоо, улсын цолтой мэнгэнүүдийн эрэмбээр Улсын их баяр наадмын харваатай дүйхүйц энэ удаагийн тойромд Монгол Улсын даяар дуурсагдах мэргэн хоёр, Монгол Улсын үлэмж дархан мэргэн 25, Монгол Улсын дархан мэргэн 12, Монгол Улсын гарамгай мэргэн 15, Монгол Улсын мэргэн 50, улсын цолтой нийт 76, аймгийн цолтой 112 харваач оролцжээ.
Баянхонгор аймгийн ИТХ-аас үндэсний спортыг хөгжүүлэх хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлээд хоёр жил болж байна.
Түүний нэг болох шагайн харвааг орон нутагт хөгжүүлэх ажлыг сүүлийн жилүүдэд эрчимтэй зохион байгуулсаны дүнд 2018 оны Улсын их баяр наадмын шагайн харваанд Баянхонгорын баг тамирчид гуравдугаар байрт шалгараад байгаа юм.
“Ламын гэгээний их тойром” 1000 харваачийн чуулганд УИХ-ын гишүүн БОХХАА-н Байнгын хорооны дарга Л.Элдэв-очир, аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн, Монголын шагайн холбооны тэргүүлэгчид болон харваачид оролцлоо.
Энэ удаагийн шагайн тойрмыг Баянхонгор аймаг 2018 оны Аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласантай уялдуулан Ламын гэгээний их ойг угтан зохион байгуулав. Ламын гэгээний тойрмын хүрээнд нутгийн иргэдэд түшиглэсэн дотоод аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн бизнес эрхлэгч иргэн, аж ахуй нэгжий үйл ажиллагааг дэмжих, шагайн спортын хөгжлийг шинэ шатанд гаргах, улмаар шагайн харваа дагасан соёлын биет болон биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх зорилго тавьжээ.