Нийгмийн цогц үйлчилгээний баг ирэх сарыг дуустал сумдад ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-09-16 18:04:33

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн ЗДТГ, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Эрүүл мэндийн газар, ЭМНДХ, ХХҮГ, БОЭТ зэрэг байгууллагуудын мэргэжилтэн, эмч нараас бүрдсэн баг өнөөдрөөс эхлэн ирэх сарыг дуустал сумдад нийгмийн цогц үйлчилгээг хүргэхээр хөдөллөө. Тэд Халх гол сумаас эхлэн аймгаа бүтэн тойрох юм.


Энэ хугацаанд БОЭТ-өөс дотор, хүүхэд, нүд, шүд, дүрс оношлогооны эмч нар ажиллаж, цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд амны хөндийн үзлэг, эмчилгээ хийж, малчны хотонд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх бол  ЭМНДХ-ээс малчин-даатгуулагчийн өндөр настны тэтгэвэр, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тогтоож эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэр олгоно. Харин ХХҮГ-аас аймгийн хэмжээнд хэрэгжиж буй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийг танилцуулан, өрхийн нэгдсэн мэдээллийн сангийн дахин үнэлгээний өргөдлийг хүлээн авч, нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийг сунгаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэмлэх олгож ажиллахаар төлөвлөжээ.


Нийгмийн цогц үйлчилгээний баг энэ сарын 22-ныг хүртэл Халх гол, 24-25-нд Чойбалсан, 26-28-нд Чулуунхороот суманд ажиллана. Ирэх сарын 1-2-ны өдрүүдэд Гурванзагал, 3-6-нд Дашбалбар, 8-9-нд Цагаан-Овоо, 10-13-ны хооронд Баян-Уул сум, Эрээн багт, 15-16-нд Сэргэлэн, 17-19-нд Баяндун, 22-23-нд Матад, 24-25-нд Баянтүмэн, 29-30-нд Булган, аравдугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын нэгний өдөр хүртэл Хөлөнбуйр суманд ажиллах юм.

Д.Дэлгэрмаа

 

相关新闻