Хууль сахиулах ажиллагааг нэг стандартад оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-02-19 20:21:13

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Манай улсад хууль сахиулах  буюу нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах,зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх үндэслэл, журмыг Захиргааны хариуцлагын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Гаалийн тухай, Өрсөлдөөний тухай, Цагдаагийн болон Тахарын албаны тухай зэрэг салбар тус бүрийн хуулиар зохицуулж байна.

Энэ байдал нь хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг бий болгож, хууль сахиулах ажиллагааг харилцан адилгүй хэрэгжүүлж, улмаар хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхагдахгүй байх Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулахад хүргэж  байна.

Иймд дээрх шаардлагыг харгалзан хууль сахиулах ажиллагааны явцад хүний халдашгүй эрхийг хангах, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын эрх хэмжээг нэг стандарттай, тодорхой хуульчлах зорилгоор Үндсэн хууль болон нэгдэн  орсон олон улсын хүний эрхийн гэрээний суурь зарчимд нийцүүлэн хуулийн төслийг боловсруулжээ. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд хуулийн төслийг дэмжсэн байр суурьтай байсан ба санал хураалт явуулахад 89,3 хувийн саналаар "Хэлэлцэх нь зүйтэй" гэж үзлээ.

Б.Туул

相关新闻